Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ДОХА, 2026 оны долоодугаар сарын 2 /Reuters/. Иран, АНУ-ын төлөөлөгчид лхагва гарагт шууд бус хэлэлцээ хийлээ. Энэ удаагийн яриа хэлэлцээгээр талууд бат бөх энх тайван тогтоох асуудалд дорвитой ахиц дэвшил гаргасангүй, харин хоёр долоо хоногийн өмнө түр хэлэлцээр байгуулснаа зарлах үеэр шийдвэрлэгдсэн гэж мэдэгдэж байсан асуудлуудад голлон төвлөрчээ.

Хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжуудын мэдээлснээр, хоёр улсын төлөөлөгчид Доха хотод хоёр өдрийн турш уулзаж, түр хэлэлцээрийн хамгийн чухал асуудлууд болох Ормузын хоолойн тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна.

Талуудын дараагийн уулзалт долоодугаар сарын 9-нд Ираны Дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеиг оршуулсны дараа болно гэж Катарын Гадаад хэргийн яам мэдээлжээ. 

“Дохад болсон хэлэлцээний үеэр дайныг зогсоох тухай зургаадугаар сард байгуулсан санамж бичигтэй холбоотой асуудлуудад нааштай ахиц гарлаа, талууд Швейцарт болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнд тулгуурлан хэлэлцээгээ үргэлжлүүлсэн” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Вашингтон хотноо сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, хоёрдугаар сард Израилтай хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх шийдвэр гаргасны гол шалтгаан болох тус улсын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудалд хоёр тал ахиц дэвшил гаргаж байгаа гэжээ. “Ираныг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц сайн үргэлжилж байна. Хоёр тал маш үр дүнтэй уулзалтууд хийсэн. Цаашид хэрхэхийг харцгаая” хэмээн тэрбээр хэлжээ.

Гэвч эх сурвалжуудын мэдээлж буйгаар, цэвэр техникийн шинж чанартай байсан тус уулзалтын үеэр цөмийн хөтөлбөрийн талаар огт хөндөөгүй байна.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс мэдэгдэхдээ, энэ асуудлыг дараагийн шатанд хэлэлцэнэ хэмээн хэлээд “Бид цөмийн асуудалд мэдээж санаа зовж байгаа, энэ талаар удахгүй ярилцаж эхэлнэ” гэжээ. 

Америк, Ираны хэлэлцээ хийгчид Катар, Пакистаны зуучлагчидтай тус тусдаа уулзалтуудыг хийжээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордноос “дээд хэмжээний” хэлэлцээ хэмээн зарлаж, бүс нутаг руу илгээсэн Д.Трампын хүргэн Жаред Кушнер, тусгай элч Стив Уиткофф нар уг уулзалтуудад биечлэн оролцоогүй байна. 

Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади хэлэлцээ дууссаныг мэдэгджээ. Гэсэн хэдий ч талууд санал зөрөлдөөнтэй асуудлуудаа шийдвэрлэж чадсан эсэх талаар аль аль нь мэдээлсэнгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн