Загас агнуурыг хориглосноор 70 жилийн турш экологийн доройтолд орсон байсан Хятадын Хөх мөрөн сэргэж эхэлжээ. Загасчдад өөр ажил олгох зэрэг “хувьсгалын тоглоомын онол”-ыг хэрэгжүүлснээр хориг улам үр дүнгээ өгсөн аж.
Цэнгэг усыг ийм амжилттай хадгалж үлдсэн түүх сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн хаана ч гараагүй гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Тодруулбал, Францын Тулузын их сургуулийн биологич Себастьен Броссе “Энэ үнэхээр гайхамшигтай мэдээ байна. Засгийн газрын арга хэмжээ үр дүнгээ өгөөд зогсохгүй, хүлээлтийг давсан гэж хэлсэн ч болох анхны тохиолдол болж байна” гэжээ.
Загас агнуурыг хориглосны дараа Хөх мөрөнд загасны биомасс хоёр дахин нэмэгдэж, устаж үгүй болох аюулд орсон байсан хэд хэдэн төрөл зүйл өсч ажиглагджээ.
Себастьен Броссе тэргүүтэй судлаачдын тайланг “Science” сэтгүүлд Пүрэв гаригт /2026.02.12/ нийтэлсэн. Тайланд дурдсанаар Хөх мөрний усны чанар эмзэг хэвээрээ байгаа ч сэргэлт ажиглагдаж, найдвар төрүүлж байгаа аж.
Хөх мөрөн нь Төвдийн өндөрлөгийн мөсөн голоос Шанхайн ойролцоох цутгалан хүртэл бараг 6500 км сунаж тогтсон байдаг.
Энэ зууны эхэн үед Хөх мөрнөөс цэнгэг усны дельфин устсан нь дэлхий нийтийг цочроосон юм. Бурхан гэж тахин шүтэгдэж байсан тус дельфин бохирдол, далангийн ажил, усан замын хөдөлгөөн, цахилгаан болон динамит ашигладаг хариуцлагагүй загасчлал зэргээс болж устаж үгүй болжээ. Хятадын эрдэмтэд Хөх мөрөнд загасчлахыг хориглох саналыг эртнээс нааш хүргүүлсэн юм. Амьтдын амьдрах орчин доройтож, загасны биомасс 85 хувиар багассан ч засгийн газар хангалттай арга хэмжээ хэрэгжүүлэлгүй удсан. Харин 2021 онд Хөх мөрний загасчлалыг бүрэн хориглосноор өөрчлөлтийн эх тавигджээ.
Нэгэнт загасчлалыг хориглосон тул 200 мянга орчим загасчинд нөхөн төлбөр олгож, ажлын байр шинээр бий болгоход гурван тэрбум ам.доллар зарцуулсан. Мөн загасны аж ахуй эрхэлж байсан 100 мянга орчим завины ихэнхийг нь ашиглалтаас гаргажээ.