Сан Францискогийн Католик сүм хүчирхийллийн хохирогчдод нөхөн төлбөр олгоно

Сан Францискогийн Католик хамба ламын захиргаа бэлгийн хүчирхийллийн 530 орчим хохирогчид 395 сая ам.долларын нөхөн төлбөр олгох болжээ. Тодруулбал, сүмийн лам, санваартнууд хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх 500 гаруй нэхэмжлэлийг тохиролцох журмаар шийдвэрлэж, нөхөн төлбөр олгох болсон хэмээн хохирогчдын өмгөөлөгч Даваа гаригт (2026.06.29) мэдэгджээ. Мөн Сан Францискогийн хамба лам Сальваторе Кордилеоне хохирогч бүрт албан ёсоор уучлал хүссэн захидал илгээхээр тохиролцоонд тусгагдаж, хүүхэд хамгаалал, байгууллагын ил тод байдлыг сайжруулах цогц шинэчлэлт хийх үүрэг хүлээжээ. Үүнд мөн бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсан санваартнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж, мөрдөн шалгалтын явц, үр дүнгийн хамт олон нийтэд тогтмол мэдээлдэг тогтолцоог бий болгох шаардлага багтсан байна.

Хохирогчийг төлөөлөн ажилласан өмгөөлөгч Жефф Андерсоны мэдээлснээр, энэхүү тохиролцоонд хамба ламын захиргаа дампуурлын хамгаалалт хүссэнээс хойш гурван жилийн дараа хүрсэн. Энэ нь мөн АНУ-ын Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хэргүүдтэй холбоотой томоохон тохиролцооны нэг болж байна.

Үүнээс өмнө 2024 онд Лос-Анжелесийн Католик хамба ламын захиргаа ижил төрлийн нэхэмжлэлд 880 сая ам.долларын нөхөн төлбөр олгож байсан нь хамгийн өндөр дүнтэй гэж тооцогдож байв.

Калифорни муж 2019 онд хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан хүмүүст 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл иргэний нэхэмжлэл гаргах боломж олгосон хууль баталсан байдаг. Үүний дараа тус мужийн хэд хэдэн Католик хамба ламын захиргааны эсрэг олон зуун нэхэмжлэл гарснаар дампуурлаа зарлах эрмэгт тулсан байна. Хамба лам Сальваторе Кордилеоне мэдэгдэлдээ, энэхүү тохиролцоо нь “насан туршдаа хүчирхийллийн хор уршгийг үүрч ирсэн хохирогчдод шударга нөхөн төлбөр олгох боломжийг бүрдүүлнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэхүү тохиролцоо бидэнд өнгөрснөө хүлээн зөвшөөрч, цааш хамтдаа урагшлах боломж олгоно гэж найдаж байна. Бид болсон явдалд бүрэн хариуцлага хүлээж байгаа бөгөөд хохирол амссан хүн бүрээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан Маржи О’Дрисколл бараг 50 жилийн өмнө Марин мужийн Кентфилд хот дахь Марин Католик ахлах сургуульд суралцаж байхдаа нэгэн санваартанд хүчирхийлүүлсэн гэж мэдүүлжээ. Тэрбээр энэ тохиролцоог олон жилийн тэмцлийн үр дүн бөгөөд болсон явдлын хариуцлагыг эцэст нь хохирогчдод бус, сүмийн удирдлагад хүлээлгэж байгаагаараа чухал ач холбогдолтой гэж онцолсон байна. “Би бусад хохирогчдын адил энэ өвдөлт, ичгүүрийг олон арван жилийн турш үүрч ирсэн. Өнөөдрөөс эхлэн ичгүүрийг бид биш, харин үнэнээс зугтаж ирсэн тал үүрэх ёстой” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Сан Францискогийн Католик хамба ламын захиргаа Сан Франциско, Марин, Сан-Матео тойргийн нийт 440 мянга орчим католик шашинтанд шашны үйлчилгээ үзүүлдэг. Тохиролцооны дагуу нөхөн төлбөрийг хуваарилах ажлыг хохирогчдын төлөөллөөс бүрдсэн хороо зохион байгуулах бөгөөд хохирогч бүр өөрийн хэрэг, учирсан хохирлын талаар мэдээлэл гаргаж, хараат бус үнэлгээний үндсэн дээр нөхөн төлбөрөө авах юм.

Үүнээс гадна хамба ламын захиргаа хүүхэд хамгаалал, ил тод байдлыг хангах 14 төрлийн шинэ журам мөрдөх үүрэг хүлээжээ.

Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд холбогдсон санваартнуудын талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол ил тод байлгах ёстой. Тэр дундаа хохирогчдыг болсон явдлын талаар дуугүй байхыг шаардсан аливаа нууцлалын гэрээ байгуулахыг бүрэн хориглосон байна. Өмгөөлөгч Жефф Андерсон “Би олон арван жилийн турш ийм төрлийн хэргүүд дээр ажилласан. Гэхдээ Сан Францискогийн хамба ламын захиргаанд тавигдаж буй шинэчлэлийн шаардлагууд шиг өргөн хүрээтэй, нарийн, хариуцлагатай тогтолцоог өмнө нь харж байгаагүй” хэмээн онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн