БНСУ ирэх жилүүдэд чип үйлдвэрлэл болон “AI”-ийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор нэг их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэ нь тус улсын чип үйлдвэрлэлийн төв, өгөгдлийн төв болон робот техникийн технологийг хөгжүүлэх Гурван Мега нэртэй төслийн нэг хэсэг юм.
Шинэ төлөвлөгөө нь Сөүлээс гаднах бүс нутгийн эдийн засгийг сэргээх зорилготой гэж ерөнхийлөгч Ли Жэ Мён өнөөдөр (2026.06.29) мэдэгджээ.
Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “AI”-ийн дэвшил нь хагас дамжуулагчийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа тул Тайвань, Хятад, Япон зэрэг бүс нутгийн өрсөлдөгчид нь чип үйлдвэрлэл болон бусад технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа. Улмаар БНСУ мөн адил энэ салбарт өрсөлдөх чадвараа чангатгахыг зорьж байна.
“Бид ‘AI’-ийн гол элементүүдийг бусад улсаас илүү хурдан аюулгүй болгох ёстой. Хагас дамжуулагч, бодит хиймэл оюун ухаан, хиймэл оюун ухааны өгөгдлийн төвүүд нь агуу үсрэлтийн гурвалсан тэнхлэг юм” гэж тэрбээр онцолсон байна. Ли тус улсын хамгийн том хоёр чип үйлдвэрлэгч болох “Samsung” болон “SK Hynix”-ийн удирдагчдын хамт энэхүү шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тус компаниуд улсын баруун өмнөд хэсэгт хагас дамжуулагч үйлдвэрлэлийн төв барих төлөвтэй байна. Ли мөн дэвшилтэт үйлдвэрүүдийн ихэнх нь төвлөрсөн Сөүлээс гадна бүсэд “AI”-ийн бусад дэд бүтцийн төвүүдийг барих төлөвлөгөөгөө зарлажээ.
“Google”, “Amazon”, “Meta” зэрэг АНУ-ын томоохон технологийн компаниуд энэ жил “AI” салбарын хөгжилдөө 650 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.
“SK Hynix”-ийн зах зээлийн үнэлгээ тавдугаар сард нэг их наяд ам.доллараас давсан нь “AI” дата төвүүдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн “AI”-ийн хурдацтай өсөлт нь дэлхий даяар компьютерын чипийн хомсдол үүсгэж, үнийг өсгөсөн. Өнгөрсөн долоо хоногт “Apple” болон “Microsoft” компани чип болон эд ангийн үнэ өссөн тул зарим бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн юм.
Гэсэн хэдий ч зарим хөрөнгө оруулагчид технологийн компаниуд “AI”-д хэт их мөнгө зарцуулж байгаад санаа зовж байна. Эдгээр санаа зовоосон асуудлууд нь сүүлийн өдрүүдэд зарим технологийн компаниудын хувьцааны ханш унахад хүргэжээ.