2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Дэлхийн хоолны гэрэл зургийн шагнал гардуулах энэ жилийн ёслол нь Зөвлөлтийн үеийн сувиллын газраас Бангладешийн хөвөгч зах хүртэл хоол хүнс дэлхий даяарх өдөр тутмын амьдралыг хэрхэн бүрдүүлдэг болохыг харуулжээ.

“Tenderstem® Bimi® Broccolini”-ийн ивээн тэтгэсэн 2026 оны уралдаанд 50 гаруй орны 9000 орчим бүтээл оролцож, ургац хураалт, зах зээл, гэр бүлийн гал тогоо, гудамжны хоол, баяр ёслол, амьд үлдэх зэрэг торгон мөчүүдийг мөнхжүүлсэн. Мөн олон орны хоолны гэрэл зурагчид ердөө ганцхан товшилтоор хүмүүсийн юу иддэгийг төдийгүй хоол хүнс өдөр тутмын амьдралд хэрхэн холбогддогийг харуулсан хоолны соёлын дэлхийн дүр зургийг бүтээжээ.

Энэ жилийн гэрэл зургийн төрлүүдэд шилдэг болсон бүтээлүүдийг онцолж байна.

Шилдгийн шилдэг: Жо Кирни, Их Британи

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Британийн гэрэл зурагчин Жо Кирнигийн шилдгээр шалгарсан зураг нь Тажикстан дахь Зөвлөлтийн үеийн сувиллын газрын цайны газарт өнгөрүүлсэн ганцаардмал мөчийг буулгажээ. Энэ гэрэл зураг хоолны дуршлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дурсамжийг сэргээх бүтээл гэж тодорхойлогдсон. Одоог хүртэл Тажикстаны уулсын дундах Хожа Оби Гарм сувиллын зочид жороор олгосон эмчилгээний хооронд энгийн, сэтгэлд дулаахан хоол идэхээр цуглардаг хэвээр байна. Халуун рашаанаар сувилах энэхүү асар том бетон “эрүүл мэндийн зочид буудал” нь ажилчдад жилд хоёр долоо хоног амрах боломжийг олгодог. Мөн олон жилийн турш хямд үнээ алдалгүй орон нутгийн тажикстанчууд, хөрш зэргэлдээ Төв Азийн орнуудаас ирсэн зочид болон жуулчдыг татсаар байна.

Баяр ёслолын зоог: Пинъяо Сонг, Хятад

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Хятадад болсон халуун тогооны фестивалийн үеэр олон зуун хүн хамтдаа сууж, дуртай шөлөө хүртэж байна. Халуун ногоотой өтгөн улаан шөл, сычуань чинжүүний үр, исгэсэн шош, үхрийн мах болон төрөл бүрийн амтлагч нь баярт мөчийг тодорхойлжээ.

Хамгийн амттай нь: Альберт Гонзалес, Испани

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Японы Киото мужийн Инэ загасчны тосгонд уламжлалт химоно аргыг ашиглан наймаалжыг наранд хатаадаг.  Загас, далайн бүтээгдэхүүнд ашигладаг энэхүү хадгалах арга нь давс, агаар, цаг хугацааны амтыг авч, тосгоны хоолны уламжлалыг далай тэнгистэй холбодог.

Олз омог ихтэй ирээрэй: Марко Руттен, Нидерланд

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Калькутта хотын Хоура гүүрний доор нар мандах үед хэдэн загасчид Хоогли голоос тор татаж байна. Тэд барьсан загасаа ойролцоох зах дээр зарахаас гадна гэртээ чанаж, халуун бүлээрээ өглөөний цайгаа ууна. Зураг дээр хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гүүрний доор нам гүмхэн тороо татах мөчийг буулгажээ.

Гудамжны хоол: Кара Бэйрд, Австрали

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Киотогийн Нишики зах дахь худалдан авагчдын хөл хөдөлгөөн, гудамжны хоолны мухлаг ажиллуулах нэгний дүрийг мөнхөлжээ. “Киотогийн гал тогоо” гэгддэг энэхүү зах нь гудамжны зууш, даршилсан ногоо, далайн хоол, чихэр зэргийг зардаг хотын хамгийн том хоолны газруудын нэг байсаар ирсэн. Энэ зураг нь захын хамгийн хөл хөдөлгөөнтэй үеийг харуулсан.

Луис Жадот дарсны шилдэг гэрэл зураг: Хуан Мигель Ортуньо Мартинез, Испани

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Ажилтан газар доорх дарсны саванд орж, өмнөх дарсны ул мөрийг даралттай усаар цэвэрлэж байна. Хана шалыг нь угааж дууссаны дараа хамтрагч нь хамгийн доод буланд үлдсэн зүйлийг цуглуулах жижиг хувин буулгаж өгч буй мөчийг гэрэл зурагт буулгажээ. Энэхүү зураг дарс үйлдвэрлэлийн ард байх хэний ч мэдэхгүй хөдөлмөрийг илчилжээ.

Гэр бүлийн зоог: Микела Балбони, Федерико Борелла, Итали

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Узбекистаны Самарканд хот. Хүү гэрийн тандураас гаргаж авсан халуун талх руу гараа сунгаж байна. Зузаан, бөөрөнхий, шажигнасан, төв хэсэгтээ хар гүнждийн үртэй Самарканд талх нь хотын хамгийн алдартай зоог юм.

Жэйми Оливерын залуучуудын шагналын 13-17 насны ангиллын шилдэг: Индиго Лармоур

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Энэтхэгийн Баруун Бенгал дахь Чхат Пужагийн үеэр сүсэгтэн олон нарны бурхан Сурьяад идээний дээжээ өргөхөөр голын усанд зогсдог. Эмэгтэйчүүдийн голчлон тэмдэглэдэг энэхүү баяр нь талархал, ариусгал, сүсэг бишрэлийг илэрхийлдэг.

Хүнсний худалдаа: Кази Мохаммад Голам Куддус, Бангладеш

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Бангладешийн Богра хотын ногооны зах өглөө хамгийн эрт ажиллаж эхэлдэг. Фермерүүд шинээр хураасан байцаагаа унадаг дугуйгаар авчирдаг бөгөөд худалдаачид хэрэгтэй бүтээгдэхүүнээ худалдаж аваад Дакка болон бусад томоохон хотууд руу илгээдэг.

Филип Харбены шагналтан: Лехоцки Балаж

2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

Унгарын гэрэл зурагчин Лехоцки Балаж өвөө эмээгийнхээ хөргийг буулгасан энэ бүтээл шилдгээр шалгарчээ. Түүний эмээ зураг даруулахаасаа өмнө үсчинд очиж, өвөө нь сахлаа хусан баяртай нь аргагүй бэлдсэн гэж тэрбээр ярьсан байдаг. Дараа нь бэлэн болсон зургаа хараад эмээ нь хүүгээ уран бүтээлч гэж сайшаасан аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн