Өмнөд Солонгос эрчүүдийн багагүй хувь нь хүүхдээ асарч, гэрийн ажлаа хийхийн тулд хөдөлмөрийн зах зээлээс нэрээ татах болжээ. Засгийн газрын сүүлийн үеийн тайланд тулгуурласан уг мэдээлэл нь эр эм хүмүүсийн талаарх уламжлалт ойлголт өөрчлөгдөж буйг илтгэнэ.
Тодруулбал, Өмнөд Солонгос улсад 274 мянга орчим эрэгтэй хүн хүүхэд, ар гэр гэсэн шалтгаанаар эдийн засгийн идэвхгүй ангилалд хамрагдаж байна. Тэдний 261 мянга нь гэрийн ажлаа хийдэг бол 13 мянга нь хүүхдээ асардаг. Эдийн засгийн идэвхгүй гэдэг нь ажилладаггүй, ажил хайдаггүй иргэдийг хэлэх юм. Энэ нь өнгөрсөн оноос 16.6 хувиар өссөн үзүүлэлт болно. Өмнөд Солонгосын засгийн газар 2004 онд энэ төрлийн өгөгдөл цуглуулж эхэлснээс хойш анх удаа улирлын хэмжээнд ийм өндөр үзүүлэлт бүртгэгдэж байна. Мөн дээрх ангилалд зөвхөн өөрийн төрсөн хүүхдээ асарч байгаа эрчүүдээс гадна ач зээгээ асарч байгаа эрчүүдийг ч багтаасныг онцлох хэрэгтэй.
Тусдаа өөр нэгэн судалгаанд дурдсанаар, 65 ба түүнээс дээш насны солонгосчуудын хүүхэд харах үйлчилгээ 2024 онд 5.36 их наяд вон буюу 3.47 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл, ач зээ нараа харж буй өвөө эмээ нарын үнэ төлбөргүй ажлыг цалинжуулбал дээрх үнийн дүнтэй нийцнэ гэсэн үг.
Бүтэн цагаар гэртээ байдаг буюу гэрийн эзэгтэй нарын тоо эрчүүдийг бодвол хамаагүй олон. Гэсэн ч урьд өмнөх үеийг бодвол хоорондын зөрүү нь харьцангуй багасчээ.
Өмнөд Солонгос улсад 6.5 сая орчим эмэгтэй гэрийн эзэгтэйн ажил болон хүүхэд асрах ажлаас болоод эдийн засгийн идэвхгүй төлөвт байгаа юм. Энэ нь 2013 онд 7.68 сая байснаа бодвол нэлээн буурсан үзүүлэлт болно.
Харин ахимаг насны солонгос хүмүүсийн олонх нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүргийн талаар хатуу үзэл бодолтой хэвээр байна. Энэ үзэл бодлын зөрүү нь ажил эрхлэлт дэх хүйсийн ялгаанаас илт харагдана. 2000 оны байдлаар солонгос эрчүүдийн 73.2 хувь, эмэгтэйчүүдийн 50.1 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байжээ. Харин 2025 оны байдлаар энэ үзүүлэлт эрчүүдийн 76.5 хувь, эмэгтэйчүүдийн 63 хувь болж өөрчлөгдөөд байна.
Хэдий дотооддоо ийм байгаа ч БНСУ эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дотроо сүүл мушгиж байна. Солонгосчууд эртнээс нааш эрэгтэй хүн гэрийн ажил хийхийг хүлээн зөвшөөрөхдөө маруухан байсантай энэ нь холбоотой. “Эрчүүд гал тогоонд хөл тавьж болохгүй” гэсэн үг хүртэл байдаг.