Венесуэль улсад өнгөрсөн Лхагва гаригт /2026.06.24/ хоорондоо 40 секундийн зайтай хоёр хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтөөс болж нас барагсдын тоо 1450 болж өссөн бөгөөд орон нутгийн болон олон улсын аврагчид цагийн зүүтэй уралдан нурангид дарагсдыг аврахыг хичээж байна. Дийлэнх венесуэльчууд аврах ажиллагааны зохион байгуулалт маш муу, удаан байна гэж засгийн газрыг буруутгаж байв. Мөн ихэнх аврах ажиллагааг энгийн иргэд явуулж байна гэж хэлж байна. Өдгөө хэдэн мянган хүн ор сураггүй хэвээр байна.
Байгалийн гамшиг тохиосноос эхний 72 цаг нь гамшигт нэрвэгсдийг аврах чухал хугацаа юм. Хэдийгээр энэ хугацаа өнгөрсөн ч аврагчид нуранги доороос аль болох олон хүнийг гаргаж авахыг хичээж байна. Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес өчигдөр орой /2026.06.28/ орой амьд үлдсэн хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилнэ гэж мэдэгдсэн.
Мөн Бразил, Канад, Мексик, Колумб, Эль-Сальвадор, Куба, АНУ болон НҮБ-ын 2600 гаруй аврагч, сургагдсан нохой, аврах тоног төхөөрөмжтэй ирсэн гэж мэдэгдэв.
“Нөхцөл байдал маш хэцүү байсан ч бид шаргуу ажиллаж байна” гэж сайн дурын ажилтан Жейсон Меркано хэлэв. Тэрбээр нуранги дор гацсан гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж чадсан бөгөөд аврах багийнханд мэдэгдэж, туслалцаа үзүүлжээ.”Бид хэзээ ч итгэл найдвараа алдаагүй” гэж тэрбээр хэвлэлд мөн ярьсан байна.
Түүнчлэн газар хөдлөлт болсноос хойш 32 цагийн дараа 18 хоногтой нярайг нурангид доороос гаргаж ирж буй бичлэг цахим сүлжээнд тархсан.
Энэ нь эмгэнэлт явдлын дунд ховорхон тохиолдох найдварын мөчийг авчирсан бөгөөд нярай эсэн мэнд, хүнд бэртэл гэмтэлгүй байлаа. Ойролцоогоор 90 минутын дараа нярайн ээжийг нурангиас аварсан байна. Эрүүл мэндийн байгууллагаас эх нярай хоёрт ноцтой гэмтэл учраагүй гэж мэдэгджээ. Ээж нь нуралтын үеэр хүүхдээ өөрийн биеэр эсвэл өөр зүйлээр хамгаалсан гэж эмнэлгийн ажилтнууд үзэж байна.
Олон улсын мэдээллийн агентлагуудын баталгаажуулсан видео бичлэгт аврагчид нярайг өлгийд ороож нэг хүнээс нөгөөд дамжуулж, дараа нь хүүхдийг эрэгтэй гэр бүлийн гишүүнтэй нь уулзуулж байгааг харуулсан. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт яаралтай тусламжийн багууд гамшигт нэрвэгчдийг хайж байгаа тул энэ аврах ажиллагаа итгэл найдварын бэлгэдэл болжээ.

770 ГАРУЙ БАРИЛГА ХЭСЭГЧЛЭН БОЛОН БҮРЭН НУРЖЭЭ
Нөхцөл байдал маш хүнд байгаа ч венесуэльчууд итгэл найдвараа алдахгүй байхыг хичээж байна. НҮБ-ын мэдээлснээр, Венесуэлийн бараг 30 сая хүн амын 6.8 сая хүртэлх хүн газар хөдлөлтийн нөлөөнд өртсөн байж болзошгүй. Эргийн дагуух суурин газруудыг зузаан тоос бүрхэж, цогцсууд ялзарч эхэлснээс үнэр улам хүчтэй болсон тул хүмүүс амны хаалт зүүж эхэлжээ.
Газар хөдлөлтийн улмаас 770 гаруй барилга бүрэн эсвэл хэсэгчлэн нурсан гэж албаныхан Ням гаригт мэдээлсэн. Энэ нь Баасан гаригт мэдээлэгдсэнээс хоёр дахин их тоо юм. Мөн аюул бүрэн арилаагүй байна.
Учир нь газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжилсээр байгаа бөгөөд Ням гаригийн өглөө 4.2 болон 4.5 магнитудын хоёр газар хөдлөлт болсон байна.
Хамгийн их хохирол амссан Ла Гуайра мужид мөн өдөр олон улсын аврах багууд ирсний дараа аврах ажиллагаа илүү сайн зохион байгуулалттай болсон байв. Үүнээс өмнөх өдрүүдэд оршин суугчид засгийн газрын хариу арга хэмжээ хангалтгүй байна гэж бухимдлаа илэрхийлж байсан. Засгийн газрын мэдээлснээр одоогийн байдлаар Ла Гуайра мужид 14 мянга гаруй цэрэг, цагдаа эргүүл хийж байна. Тус бүсэд нэвтрэхийг хязгаарласан бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хүмүүс орж болно.
Газар хөдлөлтийн дараах эмх замбараагүй байдал болон гар утасны сүлжээ муу байгаагаас болж иргэд мөн төрийн бус цахим мэдээллийн санд сураггүй болсон ойр дотнын хүмүүсийнхээ мэдээллийг бүртгүүлж байна. Ийм нэг мэдээллийн санд 50 мянга гаруй хүн сураггүй гэж бүртгэгдсэн боловч тэдний хэд нь олдсон нь одоогоор тодорхойгүй байна.