ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 28 /TASS/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны сүүлчийн тойрогт Колумби, Португалын шигшээ багууд 0:0-ээр тэнцлээ. Тоглолт АНУ-ын Флорида муж улсын Майами хотод болсон байна.
Колумбийн шигшээ баг гурван тоглолтоос 7 оноо авснаар K хэсгийг тэргүүлжээ. Харин Португалын баг 5 оноотойгоор хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Мөн тус хэсгээс Узбекистаны багийг хожиж, 4 оноо авсан БНАКонго Улсын шигшээ баг дараагийн шатанд шалгарсан байна. Узбекистаны шигшээ баг гурван тоглолтдоо дараалан хожигдож, хэсгийнхээ сүүлчийн байрыг эзэлжээ.
1/16 финалд Португалын шигшээ баг долоодугаар сарын 3-нд Хорватын багтай тоглох бол колумбичууд долоодугаар сарын 4-нд Ганын багтай өрсөлдөнө. Харин БНАКонго Улсын шигшээ баг долоодугаар сарын 1-нд Английн багтай тоглоно.
Энэ удаагийн ДАШТ АНУ, Канад, Мексик улсуудад болж байгаа бөгөөд анх удаа 48 баг оролцож буй гэдгээрээ онцлогтой. Тэмцээн долоодугаар сарын 19-нд дуусна. Хэсэг тус бүрээс эхний хоёр байрт шалгарсан багууд болон гуравдугаар байрт орсон багуудаас үзүүлэлтээрээ тэргүүлсэн шилдэг найман баг хасагдах шатны эрхээ авна.