Буркина Фасо улс Францтай дипломат харилцаагаа тасаллаа

Буркина Фасо улс колоничлолын үеийн эзэн байсан Францтай дипломат харилцаагаа албан ёсоор тасалснаа мэдэгдлээ. Ингэснээр хоёр улсын харилцаа улам хурцдах шатанд оров.

Буркина Фасогийн засгийн газар Баасан гаригт (2026.06.26) үндэсний телевизээр мэдэгдэл хийж, энэхүү шийдвэр нь зарласан цагаас хүчин төгөлдөр болсон гэж мэдээлэв. Ибрахим Траорегийн тэргүүлдэг цэргийн засгийн газар Францтай харилцаагаа дахин үнэлсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.

Мөн Францыг Буркина Фасогийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, “неоколоничлолын бодлого” явуулан, улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бүлэглэлүүдийг дэмжиж байна хэмээн буруутгасан байна. Франц өмнө нь ийм төрлийн буруутгалыг няцааж байсан юм.

Буркина Фасогийн Харилцаа холбооны сайд Жильбер Уэдраого хоёр улсын хооронд дипломат харилцааг үргэлжлүүлэхэд шаардлагатай харилцан итгэлцэл, хүндлэл байхгүй болсон гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн хоёр улсын албан ёсны дипломат харилцаанд хамаарах бөгөөд Буркина Фасо, Францын ард түмний түүхэн, соёлын болон хүмүүнлэгийн харилцаанд нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо. Мөн Буркина Фасод оршин суугаа Францын иргэдийг хууль тогтоомжийн дагуу үргэлжлүүлэн хамгаална гэж мэдэгдсэн байна.

Буркина Фасо улсад ахмад Ибрахим Траоре 2022 оны есдүгээр сард төрийн эргэлтээр засгийн эрхийг авснаас хойш цэргийн засаглал тогтож байгаа юм. Тус улс одоогоор Аль-Каида болон “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой зэвсэгт бүлгүүдийн халдлагатай тэмцсээр байна.

Сүүлийн жилүүдэд Баруун Африк дахь Францын нөлөө буурч, Буркина Фасо, Мали, Нигер зэрэг Францын хуучин колони орнууд ОХУ, БНХАУ зэрэг улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн