Ш.Энхийн-Одын дараагийн алхам юу вэ?

NBA-ийн 2026 оны драфтын үйл ажиллагаа Нью Йорк хотноо хоёр өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Өнөөдөр/2026.06.25/ хоёрдугаар тойргийн сонголтууд ил болж, нийт 60 тоглогч, дэлхийн хамгийн шилдэг лигийн гэрээт тамирчид болов. Харамсалтай нь, Монгол Улсаас анх удаагаа NBA-ийн драфтад нэрээ өгсөн Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од сонгогдож чадсангүй. Монголын сагсан бөмбөг сонирхогчид түүнийг Лэйкерс, Даллас, Мемфис, Мэжик, Бакс гэх багуудын аль нэгт сонгогдох боломжтой гэж хүлээв. Лэйкерс, Бакс багууд ч хоёрдугаар тойргийн сонголт дээрээ идэвхтэй ажиллаж, хөдөлгөөнтэй байсан. Гэвч Ш.Энхийн-Одыг сонгосонгүй.

Гэхдээ бүх зүйл үүгээр дуусахгүй. Түүнд дараагийн боломжууд бий.

Хамгийн түрүүнд, бэлтгэл хийсэн таван багийнхаа аль нэгтэй нь зуны лигт хамт оролцох. NBA-ийн зуны лиг долдугаар сарын 9-ний өдөр Лас Вегас хотноо эхэлнэ. 30 баг тус бүртээ драфтын анги болон боломжоо эрэлхийлж буй залуу тоглогчдоос бүрдсэн багаа илгээнэ. Үүнд Ш.Энхийн-Од багтах нь дамжиггүй биз. Гол нь аль багаас вэ гэдэг л сонирхолтой. Хоёр метр өндөртэй, урт гартай, холбон тоглогчийн байрлалд тоглодог Ш.Энхийн-Одыг сонирхох багууд бий.

Хэрэв зуны лигтээ амжилттай тогловол хоёр талт гэрээ байгуулж, ирэх улирал NBA болон Хөгжлийн лигт зэрэг тоглох боломжтой.

Нөгөө талд зуны лигт тааруу тоглосон ч Хөгжлийн лигт тоглож болно. Хөгжлийн лигт 31 баг байдгийн 29 нь NBA-ийн багуудынх. Тэгэхээр ирэх улирал Ш.Энхийн-Од NBA дебютээ хийхийг үгүйсгэхгүй.

Сонирхуулахад, Майкын агент  “Rize Management” компанийн Скотт Николсын үйлчүүлэгчдийг харахад NBA-д бүртгэлтэй гурван тамирчин байгаа. Ихэнхи үйчлүүлэгч нь хилийн чандыг тэр тусмаа Европыг зорьжээ. NBA-ийн дараа орохоор хүчирхэг зохион байгуулалттай Евролиг гэж бий.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн