Өмнөд Солонгосын хилийг зургадугаар сарын 23-нд зөрчсөн Умардын цэрэг баривчлагджээ. Холбогдох албан тушаалтнууд хэргийн нарийн ширийнийг шалгаж эхэлснийг Сөүлийн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв. Тиймээс одоогоор тус цэргийн тухай өөр дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Солонгосын хойг 1950-аад онд хоёр хуваагдсанаас хойш олон арван мянган хойд солонгос хүн Өмнөд рүү дүрвэсэн байдаг. Дүрвэгчид ихэвчлэн Хятад руу, дараа нь Тайланд гэх мэт гуравдагч улс руу нэвтэрснийхээ дараа Өмнөдөд иржээ. Харин шууд Өмнөдийн хил рүү хуурай замаар нэвтрэх тохиолдол тун ховор байдаг. Яагаад гэвэл хоёр Солонгосын хил битүү ой модтой, минажуулсан талбайтай, цэргүүдийн өндөр хяналт дор байдаг.
Өмнөдийн хилээр нэгэнт нэвтэрсэн хойд солонгосчуудыг Сөүлийн тагнуулын агентлагт хүлээлгэн өгдөг.
Нэгдлийн яамны мэдээллээс харвал, Өмнөд Солонгос руу 34 мянга гаруй хойд солонгос хүн дүрвэсэн аж. Зөвхөн 2024 онд л гэхэд 236 хойд солонгос хүн Өмнөдөд ирсэн бөгөөд тэдний 88 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Эх орноосоо дүрвэгсдийг Хойд Солонгосын засаг захиргаа “хүн хог” гэх тааламжгүй үгээр цоллодог ажээ.