Дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засаг бол Энэтхэг. Тус улс нэн ядуу иргэдээ аврахын тулд төрийн халамжид улам бүр түшиглэх болжээ. Тэр дундаа эмэгтэйчүүд болон хөдөө аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн бэлэн мөнгөний тусламж сүүлийн 10 орчим жилд ядуурлыг бууруулах гол хэрэгсэл болоод байна.
Энэтхэг даяар хэрэгжиж буй халамжийн бодлогуудыг ажиглаж, шинжилдэг “ProjectDEEP” байгууллагын мэдээлснээр, холбооны болон муж улсын ийм төрлийн хөтөлбөрийн төсөв 2015 онд хоёр тэрбум ам.доллар хүрэхээргүй байжээ. Гэтэл өдгөө энэ тоо 30 тэрбум ам.доллар хүрч, өссөн байна. Энэ үзүүлэлт нь Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг нэг хувь, нийгмийн салбарын зардлын 10 гаруй хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулах зэрэг нийгмийн тэргүүлэх чиглэлийн зардлуудыг хол хаясан үзүүлэлт.
Энэтхэгт одоогоор нийт 18 захиргааны нэгж сар бүр иргэддээ бэлэн мөнгө өгдөг халамжийн хөтөлбөртэй байна.
Үүнд 17 муж болон төв засгийн газрын шууд захиргаанд байдаг Дели багтах юм. Гэтэл 2019 онд ийм хөтөлбөртэй газар ердөө дөрөв байсан.
Мөнгөн халамжийг үр ашиггүй, эсвэл сонгуульд нөлөөлөх гэсэн арга гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ тайлангуудаас харахад, шууд мөнгө олгох бодлого нь Энэтхэгийн эдийн засагт тулгамдаад буй хоёр том асуудал болох айл өрхүүдийн худалдан авах чадвар, архаг ажилгүйдлийг шийдэх чухал хөшүүрэг болж магадгүй байна.
Муж улсаас хамаараад сард олгодог мөнгөн дүн нь 1000-2500 рупигийн хооронд хэлбэлзэж байна. Хамгийн ядуу 20 хувьд багтдаг өрхүүд сар бүр 1500 рупи авбал тэр мөнгө нь тэдний сарын хэрэглээний зардлын нэлээн том хэсгийг даачихна гэсэн үг. Тэгэхээр энэ мөнгө Энэтхэгийн өрхийн хэрэглээний шинэ буфер болж байгааг “Crisil Intelligence” байгууллага саяхны тайландаа дурджээ. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө байгаа учир Энэтхэгийн ядуу өрхүүд амьдрал нь огцом уналтад орчихолгүй тогтож байна гэсэн үг. Эрчим хүчний өндөр үнэ, Эль Нино цаг уурын үзэгдлээс улбаатай инфляцийн эрсдэл зэргээс энэ халамж хамгаалж чадна гэж “Crisil Intelligence” үзэж байна.
Мөнгөн халамж өнөөг хүртэл голдуу эмэгтэйчүүд, хөдөө аж ахуй эрхлэгчдэд чиглэж ирсэн ч сүүлийн үед ажилгүй залуус руу чиглэсэн хөтөлбөрүүд ч өсч байна.
“ProjectDEEP”-ийн мэдээлснээр, Энэтхэгийн хамгийн ядуу муж Бихар зэрэг 10 орчим мужид засгийн газар ажилгүй залууст мөнгө олгож эхэлжээ. Эдгээр хөтөлбөрийн дийлэнх нь сүүлийн гурван жилийн дотор эхэлсэн байна.
“Хиймэл оюун ухааны өсөлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл нь орлогын урсгалыг улам тодорхойгүй болгож буй. Үүнээс шалтгаалаад Энэтхэгт ажилгүйдэл маш том асуудал болсон. Гэвч мөнгөн тусламжийн хөтөлбөрүүд нь хүмүүсийг ядуурлаас шууд гаргах урт хугацааны шийдэл биш, харин амьдралыг нь түр хугацаанд аргацаах завсрын дэмжлэг болно” гэж “ProjectDEEP”-ийн үүсгэн байгуулагч Панкхури Шах хэлжээ.
Мөнгөн дэмжлэгүүд нь богино хугацааны шийдэл хэрнээ төсөвт асар их дарамт болж буй нь санаа зовох асуудал мөн.
Энэтхэгийн засгийн газраас жил бүр танилцуулдаг тайланд ийм төрлийн хөтөлбөрүүдийг мужуудын төсвийн дарамтын гол шалтгаан гэж нэрлэжээ. Мөн тэдгээрийг хэрэгжүүлж буй мужуудын тал хувь нь орлогын алдагдалтай байгааг тайланд дурдсан байна. 2026 оны санхүүгийн жилд Энэтхэгийн мужуудын зах зээлээс татсан зээл өмнөх оноос 15.2 хувиар өссөн нь холбооны засгийн газрын зээлийн өсөлтөөс ч илүү байв. Мөн бэлэн мөнгө олгодог мужуудаас 12 нь зах зээлээс авах зээлээ хоёр оронтой хувиар өсгөсөн байна.
Эдгээр мөнгөн тусламжийн хөтөлбөр нь зөвхөн улсын төсвийн тогтвортой байдалд нөлөөлөөд зогсохгүй далд сөрөг үр дагавар ч агуулна. Тодруулбал, эдгээр схемийн санхүүжилтийг ихэвчлэн зардлыг өөр тийш шилжүүлэх, эсвэл алдагдлыг нэмэгдүүлэх замаар босгож байна. Мөнгөн тусламжид зарцуулах зардал өсөх тусам бусад салбарт зарцуулах мөнгө багасч байна гэсэн үг юм.
Ихэнх хөтөлбөрийн үр дүнг хараад байхад, эдгээр нь ард иргэдийг ядуурлаас гаргахад дорвитой хувь нэмэр үзүүлдэггүй байна. Нөлөөллийн үнэлгээ бараг байхгүй нь хөтөлбөрийн загварт том цоорхой үүсгэж байгаа юм.
Мэдээж энэ арга хэмжээг бүхэлд нь харлуулах аргагүй. Мөнгөн дэмжлэгийн хэлбэрийг өөрчлөхөд иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлсөн жишээг татъя.
Хамгийн ядуу бүлэгт сар бүр биш, нэг дор их хэмжээгээр мөнгө өгөх нь ямар нөлөөтэйг судлах зорилгоор 2022 онд Махараштра мужийн ган гачигт өртөмтгий Кришанпур тосгонд ойролцоогоор 50 өрхөд 65,000 рупи тараажээ. Үр дүн нь анхаарал татам байв. Тодруулбал, энэ мөнгийг ихэнх айл өрх амьжиргаагаа сайжруулах, өрөө дарах, нэмэлт орлогын эх үүсвэр бий болгоход ашиглажээ. Өөрөөр хэлбэл, нэг дор олгосон мөнгө нь зүгээр л өдөр тутмын хэрэглээний зардлыг нөхөх бус, өсдөг хөрөнгө болсон байна.