БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан болсон авлигын эсрэг мөрдөн шалгалтын талаар анх удаа олон нийтэд дурдав. Энэхүү шалгалтын үеэр армийн хоёр өндөр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тодруулбал, Ши Жиньпиний хамгийн ойрын холбоотон гэгдэж байсан Жан Юшя нэгдүгээр сард албан тушаалаасаа халагдсан. Түүнийг “сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” гэж буруутгасан бөгөөд энэ нь ихэвчлэн авлигатай холбоотой гэсэн утгатай байдаг. Ши Жиньпин Мягмар гаригт (2026.02.11) нийтлэгдсэн видео мэдэгдэлдээ өнгөрсөн жилийг ер бусын онцгой жил байсан гэж тодорхойлжээ.
Мөн Ардын арми авлигын эсрэг тэмцлийн явцдаа томоохон өөрчлөлт, шинэчлэлийг туулсан гэж онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр засгийн эрхэнд гарснаасаа хойш авлигын эсрэг олон удаагийн аян өрнүүлсэн. Харин шүүмжлэгчид эдгээр аян нь улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах хэрэгсэл болдог гэж үздэг. Видео мэдэгдэлдээ Ши Жиньпин Ардын чөлөөлөх арми “төрөл бүрийн эрсдэл, сорилтыг” амжилттай даван туулсан гэж хэлээд, олон тооны офицер гүнзгий улс төрийн шалгалтад хамрагдсан гэж нэмж дурдсан байна. Мөн цэргүүд намдаа үнэнч, найдвартай хэвээр байгаа гэжээ. Энэхүү мэдэгдэл нь Ши Жиньпиний жил бүр Хаврын баярын үеэр армид зориулан хэлдэг мэндчилгээний нэг хэсэг байв. Тэрбээр 2022 оноос хойш анх удаа энэ мэндчилгээндээ авлигын талаар дурдсан нь энэ юм.
Жан Юшя нь Ши Жиньпиний тэргүүлдэг Төв цэргийн комиссын (CMC) дэд дарга байсан. Мөн өөр нэг ахлах офицер генерал Лю Жэнли ч хамт албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс өмнө 2025 оны аравдугаар сард өөр нэг авлигын эсрэг шалгалтын үеэр есөн дээд генерал, тэдний дотор “CMC”-ийн зарим гишүүдийг чөлөөлсөн. Сүүлийн гурван жилд нийт 14 өндөр цолтой генерал албан тушаалаасаа халагдсан эсвэл шалгагдсан байна.
Эдгээр халаа сэлгээний улмаас долоон гишүүнтэй “CMC” одоо хоёр л гишүүнтэй үлдсэн бөгөөд тэдний нэг нь Ши Жиньпин өөрөө юм. Тэрбээр хэвлэл мэдээлэлд бараг ярилцлага өгдөггүй, хэвлэлийн бага хурал хийдэггүй. Тиймээс түүний энэ удаагийн мэдэгдлийг онцгой тохиолдол гэж үзэж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, олон нийт болон Коммунист намын гишүүдэд Ши Жиньпин бүх зүйл өөрийнх нь хяналтад, тодорхой төлөвлөгөөтэй байгаа гэдгийг ойлгуулахыг зорьж байж магадгүй. Ялангуяа олон дээд генералыг нэгэн зэрэг чөлөөлсөн нь армийн богино хугацаанд дайтах чадварт нөлөөлж болзошгүй юм. Ши Жиньпин авлигатай тэмцэх кампанит ажлыг өөрийн засаглалын гол бодлого болгосон. Тэрбээр мөн авлигал бол Коммунист намд учрах “хамгийн том аюул” гэж удаа дараа мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч шинжээчид эдгээр хэргүүдийн талаар засгийн газар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүйг онцолдог. Үнэхээр авлигын асуудал уу, улс төрийн эрх мэдлийн тэмцэл үү, эсвэл өөр зүйл үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар ийм мэдэгдлүүд нь Коммунист намын дотоод хүрээнд дохио өгөх зорилготой байж болох юм. Мөн авлигад холбогдох эсвэл Шш Жиньпинийг бүрэн дэмжихгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулж байгаа хэрэг юм.