Франц улс хэт халалтын улмаас үндэсний хэмжээний томоохон хөгжмийн наадмын үеэр архи, согтууруулах ундааны хэрэглээг хориглолоо. Жил бүр болдог “Fête de la Musique” хөгжмийн наадамд сая сая хүн янз бүрийн гадаах арга хэмжээнүүдэд оролцдог. Гэвч Франц даяар 35 байршилд хэт халалтын ноцтой сэрэмжлүүлэг гаргаад байна. Энэ өдрүүдэд хамгийн эмзэг, нэн шаардлагатай бүлэгт анхаарал хандуулах боломжийг эмнэлгийн ажилтнуудад олгох зорилгоор төр засгаас согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж байгаа аж.
Энэ талаар ерөнхий сайд Себастьян Лекорнугийн алба мэдэгдэхдээ “Төр болон түүний агентлагуудын зохион байгуулдаг бүх арга хэмжээнд согтууруулах ундаа санал болгохгүй байх зааварчилгаа өгсөн” гэжээ.
Франц даяар өнөөдрийн байдлаар /2026.06.21/ агаарын хэм 39-40 хүрэх төлөвтэй байгаа бөгөөд зарим газарт 41 ч хүрч магадгүй байна. Цаашилбал, Даваа гаригт агаарын хэм оргил үедээ хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь түүхэн дээд хэмжээ ч байж магадгүйг албаныхан анхааруулжээ. Мөн энэхүү халууны давалгаа хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Халууны давалгаанд нийт хүн амын дөрөвний гурав нь өртөхөөр байгааг Францын цаг уурын алба мэдээлэв. Өнгөрсөн хугацаанд хэт халалтаас болж галт тэрэгний үйлчилгээ тасалдсан, хичээл сургуулийг түр зогсоосон тохиолдлууд ч гарчээ.
Иргэд болон жуулчдад халууныг даван туулахад нь туслахын тулд Францын нийслэл дэх цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгүүдийг шөнөжин нээлттэй байлгаж байна.
“Fête de la Musique” хөгжмийн наадам нь 40 гаруй жил зохион байгуулагдаж буй бөгөөд зуны туйлын өдөр болдгоороо онцлог. Өнгөрсөн жилийн “Fête de la Musique” наадамд хоёр сая орчим хүн оролцжээ.