ХАВАНА, 2026 оны зургаадугаар сарын 21 /NHK/. АНУ-аас улс төр, эдийн засгийн шинэчлэл хийх шахалт нэмэгдэж буй энэ үед Кубын эрх баригчид зах зээлийг либералчлах зорилгоор эдийн засгийн зохицуулалтын эрх зүйн актуудыг мэдэгдэхүйц зөөлрүүлэх шийдвэр гаргажээ.
Пүрэв гарагт баталсан уг шийдвэрийн дагуу үнийн хяналтын ихэнх зохицуулалтыг цуцална. Мөн эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хувийн хэвшлийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломжийг өргөжүүлэхээр болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубыг улс төр, эдийн засгийн эрс шинэчлэл хийхийг шаардаж байгаа юм.
Д.Трампын засаг захиргаанаас Кубад хэрэгжүүлсэн хатуу хориг арга хэмжээний улмаас тус улсад хүнс, шатахуун, эмийн хомсдол үүсэж, иргэдийн өдөр тутмын амьдралд ихээхэн хүндрэл учраад байна.
Зах зээлийн шинэчлэл хийх энэхүү шийдвэр нь АНУ-тай хийж буй хэлэлцээтэй холбоогүй болохыг Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель онцолжээ. Тэрбээр мэдэгдэхдээ, тус улсын тэргүүлэх зорилго бол ард иргэдийн амь нас, сайн сайхан байдлыг хамгаалах явдал хэмээгээд, Куба улс “социализмаас татгалзахгүй” гэдгийг нэмж дурдсан байна.
Шинэчлэлийг хэзээ, ямар хэлбэрээр хийх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Мөн зарим ажиглагч АНУ-д хийсэн буулт гэж үзэж буй энэхүү шийдвэр нь хоёр талын цаашдын хэлэлцээнд Кубын байр суурийг бэхжүүлэх эсэх нь бүрхэг байгаа юм.
АНУ-ын Огастагийн их сургуулийн дэд профессор, Кубын эдийн засгийн шинжээч Паоло Спадони хэлэхдээ, Кубын удирдлага “эдийн засгийн бодитой шинэчлэлээр дамжуулан хугацаа хожих”-ыг зорьж байгаа бололтой гэжээ. Гэвч түүний үзэж буйгаар, АНУ-ын тал засаглалын өөрчлөлтөөс өөр хувилбарт сэтгэл ханахгүй байх магадлалтай байна.