Израиль улс гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэн зөрчиж, Ливанд халдсаар байгаа тул Ормузын хоолойг хаахаар болсноо Иран зургадугаар сарын 20-нд мэдэгдэв. Ираны төрийн хэвлэлд мэдээлснээр “АНУ итгэл эвдэж, дайныг зогсоох санамж бичгийн эхний заалтыг хэрэгжүүлэлгүй хүлээсэн үүргээ илт зөрчсөн. Өмнөд Ливанд гал зогсоох хэлэлцээр тасралтгүй зөрчигдөж байгаатай холбогдуулан бид Ормузын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх хөдөлгөөнийг хааж байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.
Дайн эхлэхээс өмнө дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэгийг Ормузын хоолойгоор тээвэрлэдэг байв. Гэвч АНУ, Израиль улсууд Ираны эсрэг дайн эхлүүлсний дараа Тегеран хоолойг хааж, улмаар дэлхийн газрын тосны үнэ огцом өссөн. Харин энэ долоо хоногийн эхээр АНУ, Ираны талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар үнэ буурч эхлээд байсан юм. Гэвч Израилийн тал Ливанд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа нь хэлэлцээрийг нураагаад байна.
14 заалттай уг санамж бичигт Ливан тэргүүтэй бүх фронтод цэргийн ажиллагааг нэн даруй, байнгын зогсоох тухай тусгасан юм.
Дашрамд дурдахад, АНУ, Ираны талууд өнөөдөр /2026.06.21/ Швейцарь улсад техникийн түвшний хэлэлцээ хийхээр товлосон. Энэхүү хэлэлцээнд Пакистан, Катарын төлөөлөгчид зуучлагчийн хувиар оролцоно. АНУ, Ираны хэн хэн нь Швейцарь дахь хэлэлцээнд төлөөлөгчдөө илгээхээ баталсан. Гэвч Ливан дахь тогтворгүй байдал дипломат хэлэлцээг сүйтгэх эрсдэлтэй болоод байна.