МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын эрдмийн баяр өчигдөр боллоо. Дээд боловсролын ууган голомт тус сургууль 1946 онд анхны төгсөлтөө хийж байсан бол энэ хичээлийн жилд 81 дэх удаагийн эрдмийн баяраа зохион байгуулав.
2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийг бакалаврын түвшний 2012, ахисан түвшинд магистрын 465, докторын 23, хавсарга хөтөлбөр 13, монгол хэлний бэлтгэл хөтөлбөр 49, нийт 2562 суралцагч сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэн төгсжээ.

Эрдмийн баярыг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээж хэлэхдээ, “Өнөөдөр МУИС хэмээх эрдмийн овогтон, оюунлаг манлайлагч залуусаа Монгол Улсын хөгжлийг түүчээлэх их үйлсийн аянд үдэн мордуулах бахархалт өдөр билээ. Бид 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын олон талт хэлбэрийг хөгжүүлэх, оюутны хөрвөх чадварыг дээшлүүлэх, судалгааны цар хүрээ, хэрэглээг өргөжүүлэх гурван чиглэлийг онцлон анхаарч ажиллалаа. Эрхэм төгсөгч та бүхэн аливаа үйл хэрэгт түүчээлэн манлайлагч, түгээн дэлгэрүүлэгч, шинийг санаачлагч, шинжлэн дүгнэгч байж, ирээдүйн гэгээ, итгэлийн оч болж яваарай” гэв.
Эрдмийн баярын ёслолд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн төгсөгч, Могул группийн технологи хариуцсан захирал Б.Цээсүрэн, МУИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн анхны төгсөгчдийн нэг, Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах нар төгсөгчдөд үнэт сургаал, урам итгэлийн үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн нийт төгсөгчдийг төлөөлөн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн төгсөгч Т.Дөлгөөн, Бизнесийн сургуулийн төгсөгч Ц.Эгшигмаа, Шинжлэх ухааны сургуулийн төгсөгч Д.Маралгуа нар үг хэлж, багш профессорууд, төрөлх сургууль, гэр бүл, анд найзууддаа талархал илэрхийлэн амжилт хүслээ.
