Ё Хан Гү: Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хурдны зам болно

Улаанбаатар //. БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны Худалдааны хэлэлцээ хариуцсан сайд Ё Хан Гү БНСУ, Монгол Улсын хоорондын Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээг ахиулах зорилгоор Монгол Улсад айлчиллаа.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монголын Засгийн газар болон бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Түүнээс Монгол-Солонгосын хооронд байгуулахаар төлөвлөж буй Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдол, хүлээгдэж буй үр өгөөж, хэлэлцээний явцын талаар дараах асуултуудад хариуллаа.

-Таны энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалын гол зорилго юу вэ?

-БНСУ, Монгол Улс түүхэн болон эдийн засгийн хувьд маш ойр харилцаатай. Гэвч хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, нөөцтэй харьцуулахад бодит хамтын ажиллагааны түвшин одоогоор хангалттай хөгжөөгүй байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын Засгийн газар болон бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын талаар ярилцаж, хоёр улсын эдийн засгийн харилцааг дараагийн шатанд гаргах хамтын ажиллагааны чиглэлийг эрэлхийлэх зорилготой ажиллалаа.

-БНСУ Солонгос-Монголын Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан ямар зорилгод хүрэх вэ?

-БНСУ өнөөдрийн байдлаар 60 гаруй улстай 23 Чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA) болон Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (CEPA) байгуулсан. Би иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг “хоёр улсын хооронд эдийн засгийн хурдны зам байгуулахтай адил” гэж зүйрлэмээр байна. Ийм хурдны зам бий болбол компаниуд илүү тогтвортой орчинд хөрөнгө оруулалт хийх боломжтой болж, худалдаа, хөрөнгө оруулалт аяндаа нэмэгддэг.

БНСУ үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадвартай улс бол Монгол Улс байгалийн баялаг, ашигт малтмалын арвин нөөцтэй. Мөн хоёр улсын иргэдийн харилцаа, солилцоо идэвхтэй хөгжиж байна. Энэ харилцан нөхөх боломж дээр тулгуурлан Солонгос-Монголын Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрс өргөжүүлэх боломж болно гэж найдаж байна.

-Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсны дараа ямар сорилтууд гарч болзошгүй вэ?

-Ямар ч хэлэлцээр эерэг үр нөлөөтэй байхын зэрэгцээ байнгын анхаарал, зохицуулалт шаарддаг асуудлуудтай байдаг. Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар хөрөнгө оруулалт, худалдаа илүү идэвхжинэ. Гэхдээ компаниуд тухайн оронд үйл ажиллагаагаа саадгүй явуулахын тулд төрөл бүрийн зохицуулалт, тарифын бус саад тотгорыг шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс хэлэлцээр байгуулсны дараа ч хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх уян хатан хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ гэж үзэж байна вэ?

-БНСУ 1960-1970-аад онд дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан. Гэвч эдийн засгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлж, чөлөөт худалдааны болон иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрүүдийг идэвхтэй ашигласнаар өнөөгийн үйлдвэрлэлийн хүчирхэг орон болж чадсан. Солонгос-Монголын Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдвал хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа улам бэхжиж, солонгос компаниудын Монгол дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх болно. Энэ нь Монголын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

-Одоогийн байдлаар хэлэлцээ ямар шатанд явж байна вэ?

-Солонгос-Монголын Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ ойролцоогоор хоёр жил долоон сарын турш үргэлжилж байна. Дунд нь түр саатсан үе байсан ч одоогоор хоёр талын сонирхол, тулгамдсан асуудлуудыг тусган хэлэлцээг эрчимжүүлж байгаа шатандаа явж байна гэж хэлж болно.

-Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс ямар байдлаар ашигтай болно гэж үзэж байна вэ?

-Монгол Улс БНСУ-тай хийх худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно. Харин БНСУ стратегийн ач холбогдолтой эдийн засгийн түнштэй болно. Одоогийн байдлаар хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ боломжит түвшинтэй харьцуулахад төдийлөн өндөр биш байна. Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны дараа Монголын зах зээлд хандах солонгос компаниудын сонирхол нэмэгдэж, хөрөнгө оруулалт ч өснө гэж үзэж байна.

-Хоёр улсын худалдааны хэмжээ хэр өснө гэж таамаглаж байна вэ?

-Одоогоор Солонгос-Монголын худалдааны хэмжээ ойролцоогоор 630 сая ам.доллар байна. Хэлэлцээр байгуулснаар энэ хэмжээ тэд болно гэж тодорхой зорилтот тоо хэлэхэд эрт байна. Гэхдээ БНСУ-ын туршлагаас харахад чөлөөт худалдааны эсвэл иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсны дараа худалдааны хэмжээ хоёр дахин, түүнээс ч илүү өссөн олон жишээ бий. Хөрөнгө оруулалтын хэмжээ ч мөн мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой.

-Зарим хүмүүс иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулбал Монголын худалдааны алдагдал нэмэгдэж болзошгүй гэж үздэг. Энэ талаар таны байр суурийг сонирхож байна?

-Худалдааны алдагдлыг зөвхөн хэмжээгээр нь дүгнэж болохгүй. Хамгийн чухал нь алдагдлын агуулга юм. БНСУ ч үйлдвэржилтийн эхэн үедээ нэлээд хугацаанд худалдааны алдагдалтай байсан. Гэвч энэ нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эрчим хүч импортлон өсөлтийн сууриа тавьж байсан үйл явц байлаа. Монголын хувьд зах зээл аль хэдийн нэлээд нээлттэй болсон. Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь улс орнуудын хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд илүү чанартай бүтээгдэхүүнийг илүү боломжийн үнээр хүргэх давуу талтай.

-Ирээдүйд Солонгос компаниуд Монголын аль салбарт хамгийн их нөлөө үзүүлэх бол?

-Монгол Улс газрын ховор элемент болон чухал ашигт малтмал зэрэг стратегийн ач холбогдолтой баялаг ихтэй улс. Тиймээс уул уурхайн салбар хамгийн чухал хамтын ажиллагааны чиглэлүүдийн нэг байх болно. Үүнээс гадна худалдаа, логистик, үйлдвэрлэл зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж нээлттэй байна. Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны дараа шинэ бизнесийн боломжууд улам бүр нэмэгдэнэ гэж найдаж байна.

-Хэлэлцээ хэзээ эцэслэн шийдэгдэнэ гэж харж байна вэ?

-Хэлэлцээ гэдэг эцсийн мөч хүртэл бүх хүчээ дайчлах шаардлагатай үйл явц учраас тодорхой хугацаа хэлэхэд хүндрэлтэй.

Гэхдээ хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн хэлэлцээг аль болох хурдан дуусгаж, хоёр улсын хамтын ажиллагааны эерэг эрч хүчийг хадгалан үргэлжлүүлэх нь чухал гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн