АНУ, Ираны талууд зургадугаар сарын 17-ны өдөр дайны галыг зогсоох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь гал зогсоох хэлэлцээрийг улам өргөжүүлж, Ормузын хоолойн тээврийг хэвийн болгох зорилготой.
Трампын засаг захиргаа олон зүйлт төлөвлөгөөнд хэзээний дуртай. Газын зурвас дахь дайныг зогсоох хэлэлцээр 20 зүйлтэй байсан бол Орос, Украины дайных 28 зүйлтэй байсан.
Тэгвэл энэ удаад Ираны дайныг зогсооход чиглэсэн уг санамж бичиг нь 14 зүйлтэй бөгөөд англи хэл дээр 800 хүрэхгүй үгтэй байна.
1.Ливан зэрэг дайны бүх фронтод цэргийн ажиллагааг нэн даруй бөгөөд байнгын зогсооно. Үүнээс цааш талууд бие бие рүү дайрахгүй, заналхийлэхгүй, хүч хэрэглэхгүй, Ливаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хангана.
2.АНУ, Иран улсууд бие биенийхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй.
3.Эцсийн хэлэлцээг дээд тал нь 60 хоногийн дотор хийнэ.
4.АНУ нь Ираны эсрэг тэнгисийн цэргийн бүслэлт болон бусад аливаа саад тотгорыг арилгах ажлыг нэн даруй эхлүүлнэ. Тэнгисийн цэргийн бүслэлтийг 30 хоногийн дотор бүрэн зогсооно.
5.Иран улс нь Персийн булан болон Оманы тэнгисийн хооронд, мөн эсрэг чиглэлд зорчих арилжааны усан онгоцнуудыг 60 хоногийн хугацаанд ямар нэгэн төлбөргүйгээр аюулгүй нэвтрүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана. Үүний тулд техникийн болон цэргийн саад тотгорыг арилгах, тэнгисийн мина цэвэрлэх шаардлагатай. Иран энэ ажлыг 30 хоногт хийж гүйцэтгэнэ.
6.АНУ нь бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран Ираны сэргээн босголт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор дор хаяж 300 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий талуудын харилцан зөвшөөрсөн эцсийн төлөвлөгөөг боловсруулна.
7.АНУ нь Ираны эсрэг хэрэгжүүлж буй бүх төрлийн хориг арга хэмжээг цуцлана. Үүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолууд, Олон улсын атомын энергийн агентлагийн Захирагчдын зөвлөлийн тогтоолууд, АНУ-ын нэг талын анхдагч болон хоёрдогч бүх хориг арга хэмжээ багтана.
8.Иран улс цөмийн зэвсэг олж авахгүй, хөгжүүлэхгүй. Мөн өндөр баяжуулсан ураны нөөцөө олон улсын хяналт дор зэвсгийн зориулалтаар ашиглах боломжгүй түвшинд хүргэнэ. Харин иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэхийг дараагийн хэлэлцээгээр шийднэ.
9.Эцсийн хэлэлцээр байгуулагдах хүртэл Иран цөмийн хөтөлбөрийнхөө өнөөгийн байдлыг өөрчлөхгүй хадгална. Харин АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахгүй, бүс нутагт нэмэлт цэрэг, хүч байрлуулахгүй.
10.Хоригууд бүрэн цуцлагдах хүртэл хугацаанд АНУ-ын Сангийн яам Ираны түүхий газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон тэдгээрийн деривативыг экспортлохыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл олгоно.
11.АНУ нь Ираны царцаасан эсвэл хязгаарласан бүх санхүүгийн хөрөнгө, активыг бүрэн ашиглах боломжтой болгоно.
12.Талууд харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилт болон ирээдүйн эцсийн хэлэлцээрийн биелэлтийг хянах зорилгоор гүйцэтгэх механизм байгуулна.
13.Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа 1, 4, 5, 10, 11-р заалтуудын хэрэгжилт эхэлж, тэдгээр арга хэмжээ тасралтгүй хэрэгжиж байгаа нөхцөлд л эцсийн яриа хэлэлцээг эхлүүлнэ.
14.Эцсийн хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор баталгаажуулна.