Хөлбөмбөгийн ДАШТ 2026
Францын хүчирхэг шигшээ баг дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Африк тивийн аварга Сенегалтай хийлээ. Тоглолт 3-1 гэсэн харьцаатай Францын хожлоор өндөрлөв. Энэхүү тоглолтод Мбаппе хоёр гоол оруулснаар Францын шигшээ багийн төлөө нийт 58 гоол оруулсан амжилттай, бүх цаг үеийнх нь мэргэн бууч болжээ.
Мөн дэлхийн аваргад 14 дэх гоолоо оруулж, бүх цаг үеийн гуравдугаарт Германы домогт Герд Мюллертэй зэрэгцэв. Одоо түүний дээр 15 гоолтой Бразилын “бүдүүн” Роналдо, 16 гоолтой Германы Мирослав Клозе нар байна.
Мбаппе хоёр гоолынхоо ачаар Лионель Месси болон Францын домог Жаст Фонтайн нарыг гүйцсэн юм. Гэхдээ Месси өнөөдөр/2026.06.17/ 09:00 Алжирын эсрэг тоглоно.

Тоглолтын тухайд Франц түлхүү бөмбөг эзэмшиж, Сенегал сиймхийгээр нь довтолж байлаа. Эхний аюултай довтолгоог Николас Жексон гүйцэтгэсэн ч хаалганы шон болон Майк Майнан түүнийг зогсоосон юм.
Улмаар хоёрдугаар үед Мбаппе хийдгээ хийж, Баркола нэгийг нэмэрлэв. Сенегалаас тоглолтын төгсгөлд Ибрахим Мбайе гэх залуу хүү тодорч, нэг гоол оруулсан. Дараагийн тоглолтоос тэрбээр гараанд гарах нь дамжиггүй биз.
Тоглолтын дараа Францын дасгалжуулагч Дидье Дешам “Бага зэрэг тайвширлаа. Эхэндээ санаа зовж л байлаа. Дембеле болон Олизе нарын байрыг сольсноор ялгаа үүслээ. Нээлтийн тоглолтдоо хожих нь үргэлж чухал байдаг” гэжээ.