АНУ, Канадыг холбосон шинэ гүүрийг эзэмших эрхийг хуваалцана гэв

АНУ, Канадыг холбосон шинэ гүүрийг эзэмших эрхийг хуваалцах шаардлагыг Цагаан ордон Оттавад хүргүүлжээ. “The Gordie Howe” олон улсын гүүр нь Канадын Онтарио мужийг АНУ-ын Мичиган мужтай холбодог. Дональд Трамп цахим сүлжээндээ “Оттава бидэнтэй зохих ёсоор шударга, хүндэтгэлтэй хандах хүртэл гүүр нээгдэхгүй” гэж мэдэгдэж байв.

Гүүрний бүтээн байгуулалтыг Канадын засгийн газар санхүүжүүлсэн. Гэсэн хэрнээ Канад, АНУ хамтран эзэмших аж.

Канадын ерөнхий сайд Марк Карни АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа гүүрийг Оттава санхүүжүүлсэн гэдгийг түүнд сануулсан байна. Бүтээн байгуулалтын ажилд АНУ, Канадын ажилчид оролцсон, түүхий эд нь мөн л хоёр улсын аль алинаас нь гаралтай ган төмөр юм. Карни хэлэхдээ “Энэ бол манай хоёр улсын хамтын ажиллагааны гайхалтай жишээ. Гүүр нээгдэнэ гэдэгт би найдаж байна” гэжээ.

Трамп Канадад суух Элчин сайд Пит Хоэкстрад гүүртэй холбоотой асуудлыг шийдэж, яриа хэлэлцээг зөөлрүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

Трамп, Карни нарыг утсаар ярисны дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт мэдэгдэл хийхдээ “Гүүрний хоёр талын хэсгийг хоёуланг нь Канад эзэмшинэ гэдгийг хүлээн зөвшөөрөх аргагүй. АНУ ядаж л тал хэсгийг нь эзэмшинэ гэж Трамп ерөнхийлөгч найдаж байгаа. Гүүрээр дамжин өнгөрөх зүйлс болон эдийн засгийн ашиг тал дээр АНУ эрх мэдэл хуваалцах хэрэгтэй” гэсэн юм.

“The Gordie Howe” гүүр нь Детройт голын дээгүүр явж өнгөрдөг. Канадын хоккейн домог Горди Ховигийн нэрээр тус гүүрийг нэрлэсэн аж. Гүүрний бүтээн байгуулалт 2018 онд эхэлсэн бөгөөд 6.4 тэрбум ам.долларын өртөгөөр бүтсэн гэдэг. Харин гүүрийг барьсан “Windsor-Detroit Bridge Authority” компани нь Канадын 100 хувь эзэмшилд байдаг ч бие даан үйл ажиллагаа явуулдаг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн