Индонез улс Газын зурваст 8000 цэрэг байршуулна

Индонез улс Газын зурваст 8000 хүртэлх тооны цэргээ байршуулахаар зэхэж байна. Ийнхүү тус улс АНУ-ын санаачлагаар өнгөрсөн жил байгуулсан гал зогсоох хэлэлцээний хоёр дахь шатны хүрээнд анх удаа цэрэг байршуулж буй улс болов.

Индонезийн армийн генерал Марули Симанжунтакийн хэлснээр цэргүүдийн сургуулилалт хэдийнэ эхэлсэн аж. Цэргүүд Газын зурваст анагаах болон инженерчлэлийн үүрэг голчлон гүйцэтгэхээр зорьж байна. Гэхдээ индонез цэргүүд яг хэзээнээс үүрэг гүйцэтгэж эхлэх нь тодорхойгүй байна.

Дональд Трампын үүсгэн байгуулсан Энх тайвны зөвлөлд Индонез улс нэгдсэн. Тус Энх тайвны зөвлөлд Олон улсын тогтворжуулах хүчин байгуулах эрхийг НҮБ-ын Үндэсний аюулгүйн зөвлөл олгосон юм. Энэ хүрээнд гишүүн орнууд Газын хилийн бүсийг хамгаалахад туслах, цэрэггүйжүүлэх үйл явцыг хариуцах, Хамасыг зэвсэггүйжүүлэх үүрэг гүйцэтгэж оролцоно.

Индонез улс зөвлөлд нэгдсэн нь дотоодын исламист бүлэглэлүүдийн шүүмжлэлийг өдүүлсэн. Гэсэн ч ерөнхийлөгч Прабово “Дэлхийн хамгийн том ислам үндэстэн болохын хувьд Индонез улс Газын зурвасыг тогтворжуулахад туслах ёстой” гэжээ.

Турк, Пакистан зэрэг бусад исламын шашинт улс ч цэрэг илгээх талаар ярилцаж байна. Хэдийгээр цэрэг илгээсэн ч зөвхөн энхийг сахиулах зорилгоор л ажиллана, Хамасыг зэвсэггүйжүүлэхэд оролцохгүй гэсэн байр суурийг тэд илэрхийлж байгаа юм.

Энх тайвны зөвлөлийн анхны уулзалт Вашингтонд энэ сарын 19-нд болох төлөвтэй байна. Тус уулзалтаар шинэ технократ Палестины засаг захиргаа болон дайны дараах сэргээн босголтын асуудлыг хэлэлцэх юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн