Швейцарьчууд хүн амаа 10 саяар хязгаарлахыг зөвшөөрсөнгүй

Швейцарьчууд цагаачлалын асуудлаас болоод дотооддоо хуваагдалтай байгаа учир Швейцарийн ардын нам энэ оны хоёрдугаар сард хүн амын тоог 10 саяар хязгаарлах санал дэвшүүлсэн билээ. Тус улсын хамгийн том улс төрийн бүлгэмийн дэвшүүлсэн энэ саналын дагуух санал хураалт өчигдөр /2026.06.14/ болов.

Санал хураалтын дүнгээр швейцарьчуудын 55 орчим хувь нь хүн амын тоог 10 саяар хязгаарлахыг эсэргүүцэж, 45 хувь нь дэмжжээ. Мөн нийт сонгогчдын 60 хувь нь энэ санал хураалтад оролцсон байна.

Хэрвээ хүн амын тоо 10 сая хүрчихвэл засгийн газар Европын холбоотой байгуулсан чөлөөт хөдөлгөөний гэрээгээ хүчээр цуцлахаас өөр аргагүйд хүрэх байсан. Иймд засгийн газар, Швейцарийн бизнес эрхлэгчид болон бусад бүх томоохон намууд үүнийг эсэргүүцэж байсан аж.

Хүн амын тоог хязгаарлах нь тээвэр, орон сууц, хүрээлэн буй орчны дарамтыг бууруулна гэж Швейцарийн ардын нам ухуулсан ч олон нийт үүнийг хангалттай хүлээн зөвшөөрөөгүй бололтой. Өнгөн талаас нь харахад энэ саналыг гаргаснаараа тус нам төрийн үйлчилгээ болон хүрээлэн буй орчныг хамгаалахыг зорьсон мэт. Гэсэн ч ачир дээрээ Швейцарийн ардын нам нь цагаачлалын эсрэг кампанит ажил явуулж, нийгмийн аливаа асуудлуудад орогнол хүсэгчид болон цөөнхийг буруутгасаар иржээ.

Зарим сонгогчийн хувьд аялал жуулчлал, эмнэлэг, асрамжийн газарт маш их хэрэгцээтэй байдаг ажиллах хүчнээ алдах вий гэж санаа зовнисон болов уу.

Санал хураалтын дүн нь Швейцарь улс Европтой ойр байхыг хүсч буйг харуулсан гэж засгийн газар болон бизнес эрхлэгчид үзэж байна. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен санал хураалтын дүнг сайшаан хүлээж авсан бөгөөд “Швейцарийн ард түмэн үгээ хэллээ. Европын холбоо болон Швейцарь нь гүн гүнзгий харилцаатай, бат бөх түншлэлтэй” гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн