Иранкунда: Австралид эргэлзэж байгаа хүмүүс ээ, бид дөнгөж эхэлж байна

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Хөлбөмбөгийн дэлхийн аварга нээлтээ хийгээд удаагүй байна. Өнөөдрийн байдлаар Австралийн шигшээ баг шуугиан тарьж, хүчирхэг Туркийн шигшээ багийг 2-0 гэсэн харьцаатай хожив. Европын шилдэг, дэлхийн чансааны дээгүүр бичигддэг Туркийг хожигдоно гэж олон хүн бодоогүй биз.

Австралийн шигшээ багийн дундаж нас 24.6 байсан нь гайхмаар. Тэд гараандаа ахлагч Мэтью Райан болон Жексон Ирвин зэрэг туршлагатай тамирчдаа гаргаагүй. Харин залуучууддаа боломж олгосон нь нүдээ олжээ. Тэдэн дундаас Нестори Иранкунда гэх залуу тодоос тод гялалзав. Танзанид төрсөн тэрбээр Австралид хөлбөмбөгтэй танилцаж, Германы Байерн Мюнхенд боловсорч, өдгөө Английн Уатфордод тоглож байна.

Иранкунда: Австралид эргэлзэж байгаа хүмүүс ээ, бид дөнгөж эхэлж байна

Тоглолт эхлээд удаагүй байхад Иранкунда Туркийн хаалганд гоол оруулж, австраличуудаа баярлуулсан. Тийнхүү баг нь хамгаалалтдаа алдаа гаргасангүй бүр нэг гоол нэмж оруулан хэсгийнхээ толгой багийг бөхийлгөжээ.

Иранкундагийн гоолын баяр нь Австралийн домогт хөлбөмбөгчин Тим Кэхиллийг санагдуулсан. Энэ талаараа залуу тамирчин ярихдаа “Гоолоо би Тиммид зориулсан. Тэр бол Австралийн хөлбөмбөг дэх миний шүтээн. Би үргэлж түүний дуурайж, түүнтэй уулзахыг хүсдэг байсан. Миний зорилго бол нэг л өдөр түүн шиг болох” гэжээ.

Иранкунда: Австралид эргэлзэж байгаа хүмүүс ээ, бид дөнгөж эхэлж байна

Тэрбээр үргэлжлүүлэн “Бид юу хийхээ, юу хийж чадахаа мэднэ. Бид хамгийн сайн тоглолтоо гаргасангүй. Гэхдээ хязгаартаа хүртэл чадахаараа тоглолоо. Бид амиараа хамгаалж, амиараа довтоллоо. Эцэст нь үр дүн энд байна. Бидэнд эргэлзэж байгаа хүмүүст хандахад бид дөнгөж эхэлж байна” гэлээ.

Иранкунда: Австралид эргэлзэж байгаа хүмүүс ээ, бид дөнгөж эхэлж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн