“Mercedes-Benz” компани дрон үйлдвэрлэлд нэгдэнэ

Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани “Tytan Technologies”-той хамтран дрон эсэргүүцэх системтэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр болжээ. Ийнхүү “Mercedes-Benz” компани батлан хамгаалахын салбартай хүчээ нэгтгэсэн хамгийн сүүлийн автомашин үйлдвэрлэгч боллоо. Талууд “ILA 2026” олон улсын сансар, агаарын тээврийн үзэсгэлэнгийн үеэр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Түншлэлийн хүрээнд жижиг оврын дрон устгах зориулалттай хөдөлгөөнт агаарын довтолгооноос хамгаалах системийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэх юм.

Европын автомашин үйлдвэрлэгчид яагаад батлан хамгаалахын салбарт хөрвөх болов?

Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” цэргийн болон иргэний зориулалтаар ашиглах газрын суурьтай дрон хөгжүүлж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн. Энэ хүрээнд тэд батлан хамгаалахын “Turgis Gaillard” групптэй түншлэл байгуулжээ. Түүнчлэн Германы “Volkswagen” компани Израилийн батлан хамгаалахын “Rafael Advanced Defense Systems” компанитай пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эд анги үйлдвэрлэх зорилгоор хамтран ажиллах болсныг “Reuters” дөрөвдүгээр сард мэдээлсэн байна.

Цахилгаан автомашины эрэлт буурч, Хятадын өрсөлдөгчдөд зах зээлийн хувиа алдсан, зээлийн өртөг өссөн зэргээс үүдэлтэйгээр Европын автомашины салбар бүтцийн шинжтэй хямралд нэрвэгдээд буй. Эсрэгээрээ тивийн батлан хамгаалахын салбар Орос, Украины дайнаас хойш эрчимтэй өсч байна. Дайнаас болоод Европын орнууд батлан хамгаалах үйлдвэрлэлээ илүү бие даасан болгох шаардлагатай тулгарсан.

Энэ нөхцөл байдал нь батлан хамгаалахын салбарт олон жил ажилласан компаниудыг гарааны бизнесүүд болон иргэний салбарын компаниудтай холбож байгаа аж.

Автомашин үйлдвэрлэгчид өмнө нь ч ийм замаар явж байсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үед олон оронд автомашин үйлдвэрлэгчид иргэний зориулалтын үйлдвэрлэлээ зогсоож, улс орныхоо дайны хүчин чармайлтад төвлөрөн ажиллаж байв. Тэд цэргийн тээврийн хэрэгсэл, нисэх онгоцны хөдөлгүүрээс эхлээд буу, сум хэрэгсэл хүртэл үйлдвэрлэж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн