Хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр Мехикод 1.7 мянган цагдаа аюулгүй байдлыг хангана

МЕХИКО, 2026 оны зургаадугаар сарын 11 /RIA Novosti/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхлэх өдөр аюулгүй байдлыг хангахын тулд Мехико хотын эрх баригчид 1.7 мянган цагдаа, онцгой байдлын алба хаагчийг дайчлахаар болсон тухай нийслэлийн олон нийтийн аюулгүй байдлын газрын дарга Пабло Васкес Камачо мэдээлжээ. 

“Олон нийтийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газраас тусгай ажиллагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд цагдаагийн тусгай тасаг, замын хөдөлгөөний хяналт, түүнчлэн аврах болон эмнэлгийн багийн нийт 1700 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ” гэж Васкес Камачо хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Түүний хэлснээр, пүрэв гарагт зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааны үеэр аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Мехико хотын захиргаанаас баталсан протоколын дагуу авч байгаа аж.

Цагдаа нар Мехико-Куэрнавака чиглэлийн хурдны замаар нийслэл рүү нэвтрэх хөдөлгөөнд аюулгүй байдлын тусгай дэглэм тогтоон ажиллаж эхэлснийг тэрбээр дурдсан байна. Уг арга хэмжээг Герреро мужаас ирсэн багшийн сургуулиудын оюутнууд автобусаар хотод ирж, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан авч байгаа ажээ. Зарим автобусанд халдлага үйлдэхэд ашиглаж болзошгүй эд зүйлс байж магадгүй гэсэн мэдээлэл эрх баригчдад ирсэн байна.

“Дотоод хэргийн яам, хотын захиргааны дэмжлэгтэйгээр, мөн хүний эрхийн байгууллагуудын оролцоотойгоор зорчигчидтой яриа хэлэлцээ хийж байна. Автобусуудад шалгалт хийх, хэрэв аюултай эд зүйлс илэрвэл хураах, жагсагчид болон хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна” гэж тэрбээр мэдэгджээ. 

Түүнчлэн эрх баригчид жагсагчидтай хэлэлцээгээ үргэлжлүүлж, болзошгүй зөрчил, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна.

Пүрэв гарагт Мехико хотод хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслол болон тэмцээний эхний тоглолт болно. Тус хотод боловсролын салбарын ажилтнууд, иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж буйтай холбоотойгоор аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ.

2026 оны ДАШТ-ийг Мексик, АНУ, Канад гэсэн гурван улс анх удаа хамтран зохион байгуулж байгаа билээ.

Тэмцээний эхний тоглолтод Мексикийн шигшээ баг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын багтай өрсөлдөх бөгөөд тоглолт “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн