Бангладеш: Хасинагийн өрсөлдөгчийн хүү сонгуульд нэр дэвшиж байна

Бангладешийн “Z” үеийн залуусын эхлүүлсэн бослогын үр дүнд Шейх Хасинагийн 15 жилийн засаглал дууссан билээ. Тэгвэл энэ түүхэн бослогоос хойших анхны сонгууль энэ Пүрэв гаригт /2026.02.12/ болох гэж байна.

Хасинаг унагаах жагсаалд оролцсон оюутан Мирза Шакил “Энэ хувьсгал залуу үе юунд хүрч чаддагийг харуулсан” гэжээ. Харин жагсагч Садман Мужтаба Рафид “Бид арьс өнгө, хүйс, шашин үл хамааран бүх хүнд тэгш боломж олгогддог тийм улс орныг мөрөөдсөн. Бодлогын өөрчлөлт, шинэчлэлтийг бид хүлээж байсан ч мөрөөдсөн бүхэн маш хол байна” гэж байв.

Өдгөө Бангладешийг удирдах хамгийн өндөр магадлалтай гэж нэрлэгдээд буй хоёр нэр дэвшигч бий. Нэг талаас харвал тэрхүү нэр дэвшигчид нь амь биеэ үл хайхран тэмцсэн залуусаас эрс өөр хүмүүс. Тодруулбал, Бангладешийн улс төрийг хэдэн 10 жилийн турш ноёрхож ирсэн удмын үргэлжлэл, 60 настай Тарик Рахман болон Жамаат-е-Ислами намын тэргүүн нар нэр дэвшиж байна.

Тарик Рахман нь Шейх Хасинагийн өрсөлдөгч агсан Халеда Зиагийн хүү. Тэрбээр 17 жил цөллөгт амьдарсны эцэст эх орондоо ирсэн. Өдгөө түүнийг ялах магадлал хамгийн өндөр гэж үзэж байна.

Харин Жамаат-е-Ислами нам нь яах аргагүй хуучин тогтолцооны төлөөлөл. Тус улсын хамгийн том исламист нам Жамаат-е-Ислами нь Хасинагийн засаглалын үед олон жил хавчигдаж байсан ч одоо дахин сэргэж байгаа аж.

Пүрэв гаригт болох сонгуулийг 10 гаруй дараах анхны чөлөөт, шударга сонгууль гэж тодорхойлж буй. Тийм ч учраас иргэдийн дунд хүлээлт, найдварын уур амьсгал зонхилж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн