ВАШИНГТОН, 2026 зургаадугаар сарын 11 /Reuters/. Д.Трампын засаг захиргаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) үеэр Эбола вирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор Вашингтоны жишгийг дагаж, уг өвчний халдвар тархаад байгаа Төв Африкийн орнуудад сүүлийн үед зорчсон иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохыг Европын орнуудад уриалсан тухай албаны хүмүүс болон эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргаа халдварын дэгдэлттэй холбогдуулан зөрчих хөдөлгөөнийг хязгаарлахыг шаардсан “демарш” буюу санаа зовниж буйгаа илэрхийлсэн албан ёсны дипломат мэдэгдлийг зургаадугаар сарын 1-ний өдөр Европын орнуудад хүргүүлсэн гэж Африкт суугаа Европын Холбооны дипломатч болон энэ асуудлын талаар мэдээлэлтэй өөр нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс сүүлийн 21 хоногийн хугацаанд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Уганда болон Өмнөд Суданд зорчсон гадаадын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан юм.
АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан мэдэгдэхдээ, зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, мөн Эбола вирусний тархалттай тэмцэх арга хэмжээнд зориулж АНУ-аас санхүүжилт олгохоор амласан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) олон улсын хэмжээний онцгой байдал гэж зарласан Эбола вирусний Бундибугио омгоос Америкийн иргэдийг хамгаалахын тулд Вашингтон “шийдвэртэй алхам хийснийг” харуулж байна гэжээ.
“Халдварын тархалтыг зогсоохын тулд бусад улс орнууд ч мөн өөрсдийн үүргийг биелүүлэх ёстой. Санхүүгийн хувь нэмэр оруулах, халдвар тархсан бүс нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээг яг одоо л авах шаардлагатай байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.