ТОКИО, 2026 оны зургаадугаар сарын 11 /Kyodo/. Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас Япон улс эрчим хүчний нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхийг зорьж байгаа энэ үед тус улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай лхагва гарагт Токио хотноо хэлэлцээ хийх үеэрээ эрчим хүч, далайн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.
Дээд хэмжээний уулзалтын дараа Т.Санаэ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, батлан хамгаалахын асуудлаарх хэлэлцээний хүрээнд бүс нутгийн усан замд аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах зорилготой эргийн хамгаалалтын хамтын ажиллагааны тухай баримт бичигт гарын үсэг зурсныг мэдэгджээ.
Малайзын Ерөнхий сайд А.Ибрахимын Японд хийсэн гурван өдрийн айлчлалын төгсгөлд болсон энэхүү уулзалт нь ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хоёр улс “иж бүрэн стратегийн” түншлэлээ бэхжүүлэхийг зорьж буй үед боллоо.
Ираны эсрэг АНУ, Израилын дайнтай холбоотойгоор Ормузын хоолой хаагдаж, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа нь эрчим хүчний эх үүсвэрийн нөөцөөс ихээхэн хамааралтай Азийн орнуудын хувьд томоохон сорилт болоод байгаа тул удирдагчид бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэдгээ дахин мэдэгджээ.
Хоёр талын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Малайзын тал Японд шингэрүүлсэн байгалийн хий болон олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодис гаргаж авахад шаардлагатай газрын тосны нэрмэл болох нафта зэрэг бусад бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлнэ.
Мөн хоёр улсын удирдагчид ижил байр суурьтай улс орон, байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ чухал ашигт малтмал зэрэг стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.
Түүнчлэн лхагва гаргийн орой Т.Санаэ Лаосын Ерөнхий сайд Сонэсай Сипандонтой Токио хотноо уулзсан байна. Уулзалтын үеэр удирдагчид бүс нутгийн эрчим хүч, байгалийн нөөцийн аюулгүй байдал, мөн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр тохиролцлоо гэж Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.