УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 4 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тус хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн аж.
Тус хуралдаанаас Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасны “4 жил” гэсэн нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг зөрчсөн хэмээн шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 4 дүгээр дүгнэлтийг гаргав. Уг дүгнэлтээр Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “4 жил” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд УИХ тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж хэлэлцээд, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “4 жил” гэснийг “6 жил” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдээс асуулт санал гараагүй.
Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатган явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.