ХҮМҮҮС
Колумбаас гаралтай хамгийн амжилттай уран бүтээлч, Латин Америкаас төрсөн бүх цаг үеийн хамгийн амжилттай дуучин гэгддэг Шакира энэ жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Dai Dai”-г амилуулж, дахин нэг удаа түүх бүтээгээд буй. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж буй энэхүү онцгой өдөр Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа хөлбөмбөгийн сахиусан тэнгэр Шакира Изабел Мебарак Риполлыг онцолж байна.
Шакира Изабел Мебарак Риполл 1977 оны хоёрдугаар сарын 2-нд Колумбын эргийн хот Барранкиллад Виллиам Мебарак Чадид, Нидиа Риполл Торрадо нарын ганц хүүхэд болон мэндэлжээ. Түүний эцэг эх нь ливан, каталан хүмүүс ч өвөг дээдсээ хөөвөл тэдний гэр бүл итали гаралтай аж. Шакира айлын ганц хүүхэд ч гэлээ аавынх нь өмнөх гэрлэлтээс түүнд найман ах эгч бий.
Шакираг Латин хөгжмийн хатан хаан гэж нэрлэдэг бөгөөд түүнийг испани хэл дээрх хөгжмийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлж, латин уран бүтээлчдийн олон улсын тавцанд гарах замыг нээсэн хүн гэж үздэг. Дөрвөн удаагийн Грэмми, 15 удаагийн Латин Грэммийн шагналтан тэрбээр бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай эмэгтэй уран бүтээлчдийн нэг юм.

УРЛАГИЙН САХИУСАН ТЭНГЭР
Шакирагийн урлагийн авьяас хар багаас нь л тодорсон гэдэг. Дөнгөж дөрөвхөн настайдаа л тэр “Болор сарнай” гэх анхны шүлгээ бичсэн бөгөөд үүнээс хойш шүлэг найргаас салаагүй. Улмаар дуу хөгжим сонирхохын хэрээр түүний шүлгүүд дуу болж эхэлжээ.
Шакираг хоёр настай байхад түүний ах нарын нэг нь мотоциклийн ослоор нас баржээ. Энэ явдлаас хойш зургаан жилийн дараа тэр бичгийн машин дээр дууны үгээ бичиж, авгынхаа өгсөн гитар дээр “Хар нүдний шил” нэртэй анхны дуугаа зохиосон байна. Уй гашуугаа нуухын тулд олон жилийн турш хар нүдний шил зүүсэн аав нь энэ дууг бичих сэдэл болсон гэдэг.
Алт мөнгөний дархан аав нь өрөнд баригдан, дампуурлаа зарлах үед Шакира наймтай байлаа. Тэр үеийг хүртэл тэдний гэр бүл дутах гачигдах зүйлгүй амьдралтай байжээ. Нэг л өдөр аав ээж хоёр нь Шакираг Лос Анжелест суудаг хамаатныдаа байлгахаар явуулсан бөгөөд эргэж ирэх үед нь тэдний хоёр машин, тавилга, өнгөт зурагт гээд үнэтэй цайтай зүйлс нь үгүй болсон байжээ. Ингээд Шакира жинхэнэ амьдралтай, үнэн бодит байдалтай нүүр тулах шаардлагатай болсон байна.
Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлээгүй. Шакира дөнгөж 14 насандаа “Magia” нэртэй цомог гаргаж, түүнийхээ орлогоор аав ээждээ машин авч өгсөн юм.




Шакираг шүлэг, дуунаас гадна бүжиггүйгээр төсөөлшгүй. Түүнийг дөрвөн настай байхад аав нь Ойрхи дорнодын хэв маягтай нэгэн ресторанд дагуулж очдог байжээ. Тэр ресторанд нь хүмүүс Ойрхи Дорнодын уламжлалт бөмбөр тоглож, бэлхүүсний бүжиг бүждэг байв. Орчинд нь орсон Шакира өөрийн мэдэлгүй л хар зөнгөөрөө ширээн дээр гарч, бүжиглэж эхэлсэн гэдэг. Улмаар католик сургууль дээрээ Баасан гариг бүрийн өглөө бэлхүүсний бүжгийн үзүүлбэр үзүүлэх болсноор түүний авьяасыг илүү олон хүн харж анзаарч эхэлсэн байна. Эцэг эх, багш нар, бусад сурагчид бүгд түүнийг дэмждэг байв.
Сургууль дээр хэн дуулж, бүжиглэж байна, тэр нь Шакира л байдаг байсныг ангийнх нь хүүхэд хожим дурсан ярьжээ.
Түүнийг хоёрдугаар ангид байхад хэт хүчтэй хоолойтой байна гэсэн шалтгаанаар сургуулийн хоор дуунаас хасч байв. Ангийнхан нь тухайн үед түүнийг ямаа шиг орилоод байна гэж шүүмжилж байжээ. Гэсэн ч тэр 10 настайдаа орон нутгийн телевизээс зохион байгуулдаг дууны тэмцээнд ороод, түрүүлж, унадаг дугуйгаар шагнуулсан юм. Энэ явдал түүний өөртөө итгэх итгэлд гэрэл гэгээ нэмсэн гэдэг.
Аав нь түүнийг амьдралаас тасархай өсгөхгүйн тулд өнчин хүүхдүүдийн асрах газар руу дагуулж явдаг байв. Тухайн үеийн дүр зураг Шакирагийн сэтгэлд тод үлдсэн бөгөөд “Нэг л өдөр би алдартай уран бүтээлч болоод энэ хүүхдүүдэд туслана” гэсэн бодлыг тэр цагаас хойш тээсэн гэдэг.
ХӨЛБӨМБӨГИЙН САХИУСАН ТЭНГЭР
Шакира “Waka Waka”-аар хүн төрөлхтний зүрх сэтгэлийг эзэмдсэнээс хойш 16 жил өнгөрчээ. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дуу “Waka Waka”-г тэрбээр Өмнөд Африкийн “Freshlyground” хамтлагтай хамтран бүтээсэн байдаг. Хэдий олон жил өнгөрсөн ч дэлхий нийт “Waka Waka”-г ДАШТ-ий төлөөлөл, сүлд дуу гэж үзсээр л байна.
Тэгвэл өнөөдөр Мехико хотод дэлхий дахин хөлбөмбөгийн сахиусан тэнгэрийн танил дуу хоолойг дахин сонсох нь. Шакира Нигерийн афробит урсгалын од “Burna Boy”-той хамтарсан уран бүтээл “Dai Dai”-аа “Estadio Azteca” цэнгэлдэхэд болох нээлтийн ёслолын үеэр толилуулна.






“Waka Waka” болон “Dai Dai” нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дуунууд. Үүнээс гадна тэрбээр 2014 онд Бразилын Рио де Жанейрод болсон тэмцээний хаалтын ёслолд зориулсан “La La La” дууг, 2006 онд Германд болсон тэмцээний хаалтын ёслолоор “Hips Don’t Lie”-ийг тус тус дуулж байжээ.
Дэлхийн спортын хамгийн чухал, хамгийн том үйл явдлуудын нэгтэй ийнхүү Шакира олон сэжмээр холбогджээ. Түүний нэрийг ДАШТ-ээс салгаж ойлгох аргагүй.
Үүний гол шалтгаан нь Шакира янз бүрийн хэл, соёлтой үзэгчидтэй холбогдож чаддагт оршино. Латин Америк, Африк, Европ, Хойд Америк болон Ойрхи Дорнод даяар тархсан шүтэн бишрэгчид нь дэлхий нийтийн нэгдмэл сэтгэлгээг яах аргагүй илэрхийлнэ.
“Dai Dai” гэх шинэ дуу нь италиар “Явцгаая”, “Урагшаа” гэсэн утгатай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс багууд болон хөгжөөн дэмжигчдийг нэгтгэдэг тэмцээнд тун тохирох мессеж юм.
ПИКЕГИЙН САХИУСАН ТЭНГЭР
Шакираг хөлбөмбөгөөс салгаж ойлгохын аргагүй болгосон бас нэг хүчин зүйл бол Испанийн хөлбөмбөгчин Жерар Пике. Тэд 2010 онд алдарт “Waka Waka”-ийн зураг авалтын үеэр танилцаж байсан бөгөөд удалгүй гэр бүл болж, хоёр хүүгийн аав ээж болсон юм. Тэдний том хүү Милан Пике Мебарак 2013 онд, бага хүү Саша Пике Мебарак 2015 онд төрсөн.
Харамсалтай нь спорт, урлагийг холбосон хамгийн сайхан хосуудын нэг гэгддэг байсан Шакира, Пике нар 12 жил хамт амьдарсны эцэст 2022 онд сүр дуулиантайгаар салсан байдаг. Пике гэр бүлээс гадуур харилцаатай болсон нь тэдний салалтын шалтгаан болжээ.
Тухайн үедээ Шакира Пикед зориулж дуу хүртэл гаргасан бөгөөд “Ferrari”-г “Twingo”-гоор, “Rolex”-ийг “Casio”-гоор сольсон гэх зэргээр салсан нөхрөө “шарсан” байв. Тодруулбал, “Би хоёр 22 настны дайтай үнэ цэнтэй хүн. Биеэ хөгжүүлэхээр тархиа бага ч болов хөгжүүл. Чи намайг гомдооно гэж бодсон бол би илүү хүчтэй эргэж ирлээ. Эмэгтэйчүүд уйлахгүй. Хайр үзэн ядалт хоёрын дунд ганцхан алхам бий. Би чамд хэтэрхий хурцдана, тиймээс чи түүнтэй хамт байна. Чи уйлж гуйсан ч би буцаж очихгүй” гэх зэргээр тус дуунд өгүүлсэн байв.


NEW YORK, NY – DECEMBER 25: Milan Pique Mebarak, Shakira, Sasha Pique Mebarak and Gerard Pique attend the New York Knicks Vs Philadelphia 76ers game at Madison Square Garden on December 25, 2017 in New York City. (Photo by James Devaney/Getty Images)












Пикегээс өмнө Шакира хэд хэдэн хүнтэй холбоотой байв. 1990-ээд оны сүүлээр Шакира өөрөөсөө 16 насаар ах Пуэрто Рикогийн жүжигчин Освалдо Риостой болздог байжээ. Тэд гэрлэх талаар бодож байсан ч уран бүтээлийн замнал нь тэднийг салгасан байна. “Moscas en la Casa”, “No Creo”, “Tú” зэрэг түүний зарим уран бүтээл тэдний харилцаанаас сэдэвлэгдсэн аж.
Дараа нь 2000 онд Шакира Аргентины хуульч Антонио де ла Руатай үерхэж эхэлжээ. Тэд албан ёсоор гэрлээгүй ч бараг 10 жил хамт амьдарч, Антонио де ла Руа нь Шакирагийн бизнес, карьерыг удирдаж байв. Хожим салсныхаа дараа Антонио де ла Руа бизнесийн маргаанаар дуучин бүсгүйг шүүхэд өгсөн ч амжилт олоогүй. Энэ харилцаа мөн л дуу болон мөнхөрсөн нь “Whenever, Wherever”, “Underneath Your Clothes”, “Día de Enero” зэрэг дуу ажээ.
Дуу, бүжиг, хөгжим, хөлбөмбөгөөс гадна түүнийг зан чанарын хувьд маш хөдөлмөрч, сахилга бат сайтай, ажлын төлөө өөрийгөө бүрэн зориулдаг нэгэн гэлцдэг. Алдар нэр, гоо үзэсгэлэн, хайр дурлалаас болж тэр олон дарамт, асуудалтай нүүр тулсан ч тухай болгоноо уран бүтээлдээ шингээж чадсан юм. Эцэг эхээ баярлуулах хүсэл, эх орноороо бахархах сэтгэл, хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах эрмэлзэл нь түүний олон уран бүтээлийн хөшүүрэг болсон гэдгийг тэр ярьдаг.







