Ормузын хоолойгоор “сүнстэй” тээвэрлэлт үргэлжилсээр байна

Дэлхийн эдийн засгийн хамгийн том цочролуудын нэг тохиогоод байхад газрын тосны зах зээл харьцангуй тайван хэвээр байна. Ираны дайнаас улбаалаад Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг тээвэрлэлт саатсан нь дайнаас өмнөх төсөөллөөр бол хар дарсан зүүд. Гэтэл ачир дээрээ Ормузын хоолойгоор газрын тос бага багаар нэвчсээр, алдагдсаар байгааг “CNN” мэдээлэв.

Угтаа бол “JPMorgan”-ы тооцоолсноор Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөн дайны өмнөх үеийн түвшний ердөө 15 хувь орчимд хүрч эрс буурсан. Гэсэн ч газрын тосны фьючерсийн үнэ шинжээчдийн болгоомжилж байсан шиг аюултай түвшинд хүрч огцом өсөөгүй.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэлтийн нууц урсгал үргэлжилсээр байгаатай холбоотой. Нууц урсгалыг тээвэрлэж буй танкерууд илрүүлэлтээс зайлсхийхийн тулд байршил дамжуулагч төхөөрөмжөө унтраан бүслэлтийг тойрч байж магадгүй аж. Тавдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт нууц урсгалын хэмжээ өдөрт 2.1 сая баррельд хүрсэн гэж “JPMorgan” тооцоолжээ. Энэ нь дайнаас өмнө Ормузын хоолойгоор өдөр бүр дамжин өнгөрдөг байсан 15.6 сая баррелийн хаана нь ч хүрэхгүй боловч анзаарахгүй байхын аргагүй хэмжээ.

“JPMorgan”-ы шинжээч Наташа Канева “Тэнгисийн бүслэлт үргэлжилж, арилжааны тээврийн урсгал огцом буурсан ч түүхий тос болон нефтийн бүтээгдэхүүн санаанд оромгүй их хэмжээгээр Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөөр байгаа бололтой” гэжээ.

Энэ үзэгдлийг “сүнстэй” тээвэрлэлт гэж нэрлэж байна.

“Rapidan Energy Group”-ийн үүсгэн байгуулагч Боб МакНаллигийн хэлснээр энэ үзэгдэл нь цаагуураа хямралыг тодорхой хэмжээнд зөөллөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ нь нөөцийн томоохон бууралтыг зогсооход хангалтгүй ч нөхцөл байдлыг хурцатгахгүй хадгалж байна.

Хөрөнгө оруулалтын банк “Piper Sandler”-ийн эдийн засагч, стратегич Ян Стюарт хэлэхдээ “Тавдугаар сард өдөрт ойролцоогоор 2.9 сая баррель түүхий тос Ормузын хоолойгоор дамжсан гэж тооцоолж байна. Үүнд Ираны талтай холбоотой байгууллагуудад төлбөр төлж байж тээвэрлэсэн 2.1 сая баррель багтана. Үлдсэн нь ‘сүнстэй’ тээвэрлэлтийнх. Эдгээр нь байршил дамжуулагч төхөөрөмжөө унтраасан, харанхуйд усан замыг туулсан хөлгүүд гэсэн үг. Ийм нууц урсгалууд хямралыг хавьгүй зөөллөж чадсан” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн