Шэнь Миньжуань: Тэг нийлбэртэй тоглоомын сэтгэлгээнээс татгалзъяGoogle PlusLinkedinИ-мэйл
Наранжаргал Мандах
- Дэлхий
- Мэдээ
2 минутын өмнө
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2024 оны тогтоолын дагуу Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний олон улсын өдрийг зургадугаар сарын 10-нд тэмдэглэх болсон. Хятад улс энэ өдрийг анхлан санаачилсан бөгөөд 80 гаруй улс дэмжсэн байдаг. Соёл иргэншлүүд мөргөлдөх бус харилцан ярилцаж ойлголцох ёстой гэдэг үзэл санааг энэхүү тэмдэглэлт өдрөөр дамжуулан дэлхий нийтэд түгээдэг аж.
Анх удаа 2024 онд тэмдэглэсэн эл өдрийг энэ жил хоёр дахиа тэмдэглэж байна. Энэ хүрээнд Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаа соёл, урлагийн арга хэмжээг зургадугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээг нээн монгол сурагчид хятад ардын дуу “Мэлрэг цэцэг”-ийг дуулсан бөгөөд бүжиг, цайны ёслол болон ятгын хосолсон үзүүлбэр зэргээр урлагийн тоглолтууд үргэлжлэв.
БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань энэ үеэр соёл иргэншил хоорондын үл ойлголцол, талцал хуваагдал, “тэг нийлбэртэй тоглоом”-ын сэтгэлгээнээс татгалзаж, эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулахыг уриалсан юм.
ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ НЬ ХАМГИЙН БАГА ӨРТӨГТЭЙ АТЛАА ХАМГИЙН ӨНДӨР ҮР ӨГӨӨЖТЭЙ ЭНХ ТАЙВНЫ АРГА ЗАМ

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань:
-Гурван жилийн өмнө өөр өөр соёл иргэншлүүд эв найрамдалтай зэрэгцэн орших чиг хандлагыг тодорхойлох зорилгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлсэн билээ. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганаар БНХАУ болон дэлхийн 80 гаруй улс орнуудын хамтран санаачилсан “Олон улсын соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний өдөр”-ийг үүсгэх тухай тогтоолыг санал нэгтэй баталсан нь олон улс орнуудын зүгээс өндөр үнэлгээ, өргөн хүлээлттэй байгааг бүрэн харуулсан юм.
Учир нь соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ нь ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл үзлийг устгах, дэлхийн энх тайвныг хамгаалах чухал гүүр нь болдог. Өнөөгийн дэлхий дахинд төрөл бүрийн хямралууд сүлжилдэж, бүс нутгийн мөргөлдөөн тасралтгүй үргэлжилж байна. Яриа хэлэлцээ нь хамгийн бага өртөгтэй атлаа хамгийн өндөр үр өгөөжтэй энх тайвны арга зам юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлэхдээ “Яриа хэлэлцээ бол энх тайванд хөтлөх зам мөн” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Яриа хэлэлцээ дутмаг газарт зөрчил мөргөлдөөн нэмэгдэж, яриа хэлэлцээ өрнүүн газарт энх тайван хөгжин цэцэглэдэг болох нь түүхээс харагдаж байна.
Учир нь соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ нь сорилтуудыг хамтдаа даван туулах, хамтын хөгжлийг урагшлуулах хүчирхэг хөдөлгөгч хүч юм. Уур амьсгалын өөрчлөлт, нийтийн эрүүл мэнд, эрчим хүчний хямрал зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтуудын өмнө аль ч улс орон, ямар ч соёл иргэншил дангаараа асуудлыг даван туулах боломжгүй. Зөвхөн соёл иргэншлийн яриа хэлэлцээгээр үзэл санаагаа харилцан ойлгуулж, арга техникээ хуваалцсанаар хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг хамтдаа шийдэж, бүх хүн төрөлхтний сайн сайхан байдлыг хамтын хүчээр ахиулж чадна.
Учир нь соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ нь ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах нөхөрлөлийн гүүр нь болдог. Улс орнуудын харилцааны үндэс нь ард иргэдийн харилцан ойлголцол байдаг. Соёл иргэншил хоорондын солилцоо, харилцан суралцах үйл явц нь үзэл бодлын зөрүүг багасгаж, харилцан ойлголцлыг бий болгох гол зам мөн. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын мөн чанар нь зэрэгцэн орших соёл иргэншлүүд, харилцан ойлголцолтой ард түмний харилцаанд тулгуурласан хамтын нийгэмлэгийг цогцлооход оршино.
Хятад улс нь олон янзын соёл иргэншлүүдийн эв найрамдалтайгаар зэрэгцэн орших, харилцан бие биеэ хөгжүүлэхэд тууштай хүчин чармайлт гаргаж ирсэн. Хятад улс өндөр түвшний нээлттэй бодлогоо үргэлжлүүлж, визгүй зорчих зэрэг хялбаршуулсан арга хэмжээг тогтмол нэвтрүүлэн, соёл иргэншил хоорондын харилцааг бодит үйл ажиллагаагаар дэмжиж байна. Өнгөрсөн онд Хятад улсын хилээр орж, гарсан зорчигчдын тоо 700 орчим саяд хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон юм.
Хятад улс соёл иргэншлийг хамгаалах, өвлүүлэн үлдээх үйлсэд тууштай анхаарч ирсэн. Өөрийн улсын соёлын өвийг хамгаалж, ашиглах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол Богд хааны ордон музей зэрэг олон улсын хамтын ажиллагаа, техникийн туслалцааны төслүүдэд идэвхтэй оролцож байна.
Хятад улс нь соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний механизмыг боловсронгуй болгоход идэвхийлэн оролцож, Азийн соёл иргэншлүүдийн яриа хэлэлцээний чуулган, Нишаний дэлхийн соёл иргэншлийн форум, ШХАБ-ын гишүүн орнуудын соёл иргэншлийн яриа хэлэлцээ зэрэг олон улсын тавцанг санаачлан хөгжүүлж байна. Цаашид НҮБ-ын соёл иргэншил хоорондын яриа хэлэцээг дэмжих үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэн оролцож, тус чиглэлээр ажилладаг НҮБ-ын байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байх болно.
Найзууд аа, хүн төрөлхтөнд ганцхан эх дэлхий, ганцхан хамтын ирээдүй бий. Соёл иргэншил хоорондын үл ойлголцол, талцал хуваагдал, “тэг нийлбэртэй тоглоом”-ын сэтгэлгээнээс татгалзаж, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээгээр дамжуулан харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулцгаая. Өөр өөрийн өнгө төрхийг хадгалан хөгжсөн, олон соёл иргэншлүүдийг багтаасан дэлхийг цогцлоож, хүн төрөлхтний илүү гэрэлтэй, илүү сайхан ирээдүйг хамтдаа нээцгээе.
ЯЛГААТАЙ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ НЬ АЮУЛ ЗАНАЛ БИШ, ДАВУУ ТАЛ

НҮБ-ын суурин төлөөлөгч Яан ван Хиерден:
-НҮБ нь энх тайвныг яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны замаар цогцлоох гэсэн энгийн боловч хүчирхэг үзэл санаанд тулгуурлан байгуулагдсан. Энэ үзэл санаа өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна. Бид геополитикийн хурцадмал байдал улам даамжирч, нийгмийн хуваагдал гүнзгийрч, харилцан итгэлцэл суларсаар буй цаг үед амьдарч байна. “Талцан хуваагдсан энэ цаг үед яриа хэлэлцээ нэн чухал” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэсэн. Үнэхээр иргэншлүүдийн хоорондын яриа хэлэлцээ нь хийсвэр ойлголт төдий бус, харин бодит шаардлага билээ. Энэ бол ялгаатай байдлын заагийг холбож, үл ойлголцлоос сэргийлж, харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх боломжийг бидэнд олгодог. Түүнчлэн ялгаатай, олон янз байдал нь аюул занал биш, харин бидний давуу тал гэдгийг сануулж байна.
Олон соёл, заншлын уулзах цэг болсоор ирсэн Монгол Улсад бид харилцан солилцоо, зэрэгцэн оршихуйн үнэ цэнийг тод томруун харж байна. Соёл иргэншлүүд тусгаарлагдсанаар бус, харин өөр хоорондоо илүү нягт харилцах замаар хөгжин дэвждэг.
НҮБ нь улс орнуудын хооронд, соёл иргэншлүүдийн дунд, мөн нийгмийн хүрээнд яриа хэлэлцээг бүх түвшинд дэмжин ажилладаг. Учир нь харилцан ойлголцолгүйгээр энх тайван ч, тогтвортой хөгжил ч орших үндэсгүй.
Гэвч яриа хэлэлцээ нь өөрөө хүч чармайлт шаарддаг. Энэ нь сонсох чадвар, харилцан хүндэтгэл, тэр бүү хэл ялгаа зөрүү гүн байсан ч харилцан ойлголцолд хүрэх эрмэлзлийг шаарддаг. “Бид илүү сайн сонсож сурах шаардлагатай” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сануулдаг. Өнөө үдшийн арга хэмжээ ч яриа хэлэлцээ үг яриагаар хязгаарлагддаггүй гэдгийг тод харуулж байна. Энэ нь соёл урлаг, дуу хөгжим нь ямар ч хил хязгаар, саадыг даван туулж, биднийг нэгтгэдэгийн нэг жишээ юм.
Яриа хэлэлцээ нь итгэлцлийг бий болгодог. Итгэлцэл нь энх тайвныг тогтоох үндэс суурь.

























