Серена Уильямс талбайд эргэн ирснийхээ дараах анхны тоглолтдоо хожжээ

ЛОНДОН, 2026 оны зургаадугаар сарын 10 /TASS/. Америкийн алдарт теннисчин Серена Уильямс Лондонд болж буй WTA буюу Дэлхийн эмэгтэй теннисчдийн холбооны хосын төрлийн тэмцээнд Канадын тамирчин Виктория Мбокотой хамтран өрсөлдөж, эхний тоглолтдоо хожжээ. 

Тэмцээний нэгдүгээр тойрогт Уильямс, Мбоко нар Америкийн теннисчин Николь Меликар-Мартинес, Шинэ Зеландын теннисчин Эрин Рутлифф нарыг 7:6 (7:2), 6:2 харьцаагаар хожсон байна. Тэдний дараагийн өрсөлдөгчид удахгүй тодорно.

Өдгөө 44 настай С.Уильямсын хувьд энэхүү тоглолт нь мэргэжлийн теннист эргэн ирснээс хойших анхны тэмцээн юм. Тэрбээр хамгийн сүүлд 2022 онд талбайд гарсан бөгөөд тухайн үед Америкийн нээлттэй тэмцээний (US Open) ганцаарчилсан төрөлд гуравдугаар тойрог хүртэл тоглож байсан юм.

С.Уильямс WTA-гийн тэмцээнүүдэд 73 удаа түрүүлжээ. Тэрбээр “Их дуулга”-ын тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тоогоор Австралийн теннисчин Маргарет Кортын (24 удаа) дараа хоёрдугаарт бичигддэг. С.Уильямс  Австралийн нээлттэй тэмцээнд 7 удаа, Францын нээлттэй тэмцээнд 3 удаа, Уимблдонд 7 удаа, Америкийн нээлттэй тэмцээнд 6 удаа түрүүлж байжээ.

Түүнчлэн Олимпын наадмаас хосын төрөлд гурван алтан медаль, ганцаарчилсан төрөлд нэг алтан медаль хүртсэн амжилттай. В.Уильямс хосын төрөлд “Их дуулга”-ын 14 тэмцээнд түрүүлсэн байна. 

Америкийн теннисчин С.Уильямс бол теннисний түүхэнд “Алтан их дуулга” буюу “Их дуулга”-ын дөрвөн тэмцээн болон Олимпын наадмын ганцаарчилсан болон хосын төрөлд бүгдэд нь түрүүлсэн цорын ганц тоглогч юм.

 “WTA 500” ангилалд багтдаг Лондоны тэмцээн зургаадугаар сарын 14-нд дуусна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн