НАЙРОБИ, 2026 оны зургаадугаар сарын 9 /TASS/. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) тоглолтуудыг шүүхээр сонгогдсон Сомалийн хөл бөмбөгийн арбитр Омар Абдулкадир Артаныг АНУ-ын хилээр нэвтрүүлээгүй байна. Энэ талаар “The Daily Somalia” сонинд Сомалийн Хөл бөмбөгийн холбооны эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Сомалийн шүүгчийг Майамигийн олон улсын нисэх онгоцны буудалд саатуулсны дараа Истанбул руу буцаажээ. Найроби хот дахь Сомалийн Элчин сайдын яамнаас өмнө нь мэдээлэхдээ, тэрбээр дипломат паспортоор зорчиж явсан тул шүүгчийн АНУ-д зорчихтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Артан нь АНУ, Канад, Мексик улсуудад болох ДАШТ-ий тоглолтуудыг шүүхээр сонгогдсон Африкийн шүүгчдийн тоонд багтсан байжээ. Түүнчлэн ДАШТ-ий шигшээ шатны шүүгчдийн жагсаалтад багтсан анхны сомали шүүгч болсон юм.
“The Daily Somalia” хэвлэлд мэдээлснээр, Артан Рабат хотноо болсон Африкийн Хөл бөмбөгийн холбооны шагнал гардуулах ёслолын үеэр “2025 оны Африкийн шилдэг шүүгч”-ээр шалгар шалгарч байсан байна.
Сомали нь иргэдэд нь АНУ-д нэвтрэх хязгаарлалт үйлчилдэг орнуудын тоонд багтдаг. Гэхдээ дипломат ажилтнууд болон АНУ-ын ашиг сонирхолд нийцсэн гэж үзсэн зорилгоор зорчиж буй хүмүүсийг энэ хязгаарлалтаас чөлөөлдөг.
Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) болон Сомалийн Хөл бөмбөгийн холбооноос одоогоор энэхүү нөхцөл байдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.