УЛААНБААТАР, 2026 оны зургаадугаар сарын 8 //. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
2018 оны хөл бөмбөгийн ДАШТ манай хойд хөрш ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ны өдрүүдэд болсон билээ. Олон амжилтын анхдагч болсон энэ удаагийн ДАШТ-д Францын шигшээ Хорватын багийг 4:2-оор хожиж, аваргын цомыг хүртсэн бол Бельгийн шигшээ баг гуравдугаар байрт орсон. Оросын шигшээ баг түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгарсан билээ.
Тэмцээний онцлох баримтуудаас дурдвал:
- Тус тэмцээний үеэр анх удаа шүүгчийн шийдвэрийг дүрс бичлэгээр дахин нягтлах VAR (Video Assistant Referee) системийг албан ёсоор ашиглаж эхэлсэн юм. Тусгай өрөөнд ажиллах шүүгчдийн баг тоглолтыг олон өнцгөөс хянаж, шаардлагатай үед талбайн шүүгчид зөвлөгөө өгч байлаа. Хэрэв видео туслах шүүгчид (VAR) эргэлзсэн тохиолдолд талбайн шүүгч хажуугийн тусгай дэлгэцээр дахин үзэж, эцсийн шийдвэрийг гаргаж байв. Ингэснээр шүүлтийн алдаа илт буурсан байна.
- Хоёр дахь чухал шинэчлэл бол хасагдах шатны тоглолтууд нэмэлт цагт шилжсэн тохиолдолд дөрөв дэх сэлгээг хийх боломж олгосон дүрэм байв. Хасагдах шатанд 120 минутын турш тоглосон бүх баг энэхүү дүрмийг ашигласан байна. Ингэснээр тоглолтын төгсгөлд багуудад шинэ эрч хүч нэмсэн юм. Уг дүрэм хожим нь Аваргуудын лиг, Европын лигт хэрэгжиж эхэлсэн.
- VAR систем нэвтэрснээр 11 метрийн торгуулийн цохилт олноор заагдаж, тэмцээний туршид нийт 28 удаа пенальти цохьсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Өмнөх тэмцээнүүдэд “торгуулийн цэгээс” хийсэн цохилтын тоо 18-аас хэтэрч байгаагүй юм. Шигшээ багуудын тоглогчид хамгийн анзаарагдамгүй алдаа ч телевизийн камерын хараанаас мултрахгүй гэдэгт бэлэн биш байлаа. Үүнээс гадна, шүүгч бичлэгийг нарийвчлан үзсэнийхээ дараа буруу заасан торгуулийн цохилтыг цуцалсан тохиолдол ч гарч байв.
- 2018 оны ДАШТ-д нийт 12 автогоол бүртгэгдсэн нь өмнөх амжилтыг эвдсэн шинэ дээд үзүүлэлт байлаа. Үүнээс өмнө 1998 оны тэмцээний үеэр зургаан автогоол оруулж байжээ.
- Энэ удаагийн ДАШТ ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудаараа онцлог байв. Тэмцээний туршид ердөө нэг тоглолт гоолгүй дууссан нь Франц, Данийн шигшээ багуудын хэсгийн шатны гурав дахь тоглолт байв. Харин 13 тоглолтод ганцхан гоол оруулсан бол бусад бүх тоглолтод хоёр ба түүнээс дээш гоол хийжээ. Түүнчлэн тэмцээний эхний 37 тоглолт дараалан гоолтой дууссан нь ДАШТ-ий түүхэнд шинэ дээд амжилт болсон юм.
- Тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгүүдийн дундаж дүүргэлт 98 хувиас давсан байна. Тэр дундаа Москва хотод болсон бүх тоглолтын үзэгчдийн суудал 100 хувь дүүрч байжээ. Гадаадын хөгжөөн дэмжигчдээс хамгийн олон тасалбарыг (86 мянган тасалбар) АНУ-ын иргэд худалдан авсан бол Бразилын хөгжөөн дэмжигчид 71 мянган тасалбар авч, удаалжээ.
- Нийт 10 тоглолтын хувь заяа үндсэн цагийн сүүлийн минутууд болон шүүгчийн нэмэлт цагт оруулсан гоолоор шийдэгдсэн нь багуудын ялалтын төлөөх тэмцэл сүүлийн хором хүртэл хэрхэн өрнөж байсныг харуулсан юм.
- Португалийн хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду Испанийн шигшээтэй хийсэн тоглолтод хет-трик (нэг тоглолтод 3 гол) хийхдээ 33 нас 130 хоногтой байв. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий түүхэнд нэг тоглолтод хет-трик хийсэн хамгийн ахмад тоглогч болж бичигдсэн юм.
- Өмнөх буюу 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ баг хэсгээсээ гарч чадалгүй хасагдсан нь хамгийн том дуулиан байлаа. Ингэснээр 2010 онд Итали (2006 оны аварга), 2014 онд Испани (2010 оны аварга) хэсгээсээ хасагдаж байсан “Аваргуудын хараал” Германыг ч бас тойрсонгүй.
- Египетийн шигшээ багийн хаалгач Эссам Эль-Хадари Саудын Арабын багтай тоглохдоо 45 нас 161 хоногтой байв. Тэрбээр ДАШТ-ий түүхэнд талбайд гарсан хамгийн ахмад тоглогч болсноос гадна тус тоглолтын үеэр торгуулийн цохилтыг гайхалтай хааж байв.
Тус ДАШТ-ий шилдэг залуу хөлбөмбөгчнөөр Францын довтлогч Килиан Мбаппе, мэргэн буучаар Английн довтлогч Харри Кейн 6 гоол хийсэн амжилтаараа шалгарсан бол Алтан бөмбөгийн шагналыг Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрич хүртсэн юм.