АНУ-ын олон нийтийн эрүүл мэндийн өндөр албан тушаалтан америкчуудыг улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж буйг анхааруулсан. Мөн АНУ тус өвчнийг устгах эрхээ алдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа тул улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэхийг уриалжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгал болон Медикейд үйлчилгээний төвийн захирал, зүрх судасны мэс засалч доктор Мехмет Оз Ням гаригт (2026.02.08) улаанбурхан өвчний вакциныг дэмжиж үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Вакциндаа хамрагдахыг та бүхнээс хүсч байна. Бидний асуудалд шийдэл бий” гэв.
Мөн “Бүх өвчин адилхан аюултай байдаггүйн адил бүх хүмүүс эдгээр өвчинд адилхан өртөмтгий байдаггүй. Гэхдээ улаанбурхан бол вакцин хийлгэж, урьдчилан сэргийлэгдэх ёстой өвчин юм” гэж мэдэгдсэн байна.
Түүний дарга, эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жуниор нь вакцины аюулгүй байдал болон зайлшгүй байдалд удаан хугацааны турш эргэлзэж ирсэн түүхтэй. Гэсэн хэдий ч Өмнөд Каролина мужид 2025 оны эхээр Техас мужид бүртгэгдсэн улаанбурхан өвчний дэгдэлтийн тооноос хавь илүү давсан, олон зуун тохиолдол бүртгэгдэж байгаатай холбогдуулан Мехмет Оз мэдэгдэл гаргасан байна. Юта болон Аризона мужийн хил дагуу өөр нэг дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд хүүхдүүд гол төлөв улаанбурханаар өвчилж байгаа аж.
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, олон нийтийн дунд вакцины аюулгүй байдалд эргэлзээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэгдэлт нэмэгдэж байна.
Улмаар АНУ-д устаж үгүй болсон гэж тооцогдож байсан улаанбурхан өвчин дахин дэгдэж, цаашид өвчний тохиолдлыг тогтоож чадахгүй хэмжээнд хүрч магадгүй гэж сэрэмжлүүлж байна.
Зөвхөн нэгдүгээр сард л гэхэд АНУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо өнгөрсөн оны нийт тохиолдлын 25 хувьтай тэнцэж байна. Холбооны албан тушаалтнууд вакцинжуулалтын талаар ихэвчлэн чимээгүй өнгөрч байгаа тул дэгдэлт удаашрах шинж тэмдэг ажиглагдаагүй байна.
Өвчтөнүүдийн дийлэнх нь вакцин хийлгээгүй хүмүүс байгаа төдийгүй тус улсад үндэсний хэмжээний вакцинжуулалтын кампанит ажил зарлаагүй хэвээр байна. Мехмет Оз анх удаа вакцинжуулалтын талаар дугарсан нь холбооны засгийн газраас дугарсан анхны өндөр албан тушаалтан юм. Өнгөрсөн жил Кеннеди улаанбурханы вакциныг хувийн сонголт гэж үзэж, маш халдвартай өвчний батлагдаагүй эмчилгээг санал болгосон.
Оз өмнө нь Кеннедигийн “Америкийг дахин эрүүл болгох” (Маха) кампанит ажил, улсын хүнсний хангамжийг шинэчлэх, вакцины шаардлагыг үгүйсгэх, удаан хугацаанд батлагдсан шинжлэх ухааны зарим судалгаанд эргэлзээ төрүүлэх гэсэн кампанит ажилд анхаарлаа хандуулж байсан. Тэрбээр мөн өнгөрсөн жил “Newsmax”-д өгсөн ярилцлагадаа, томуугийн вакцин хэр сайн ажилладаг талаар ярьж, эргэлзээ төрүүлжээ. “Жил бүр томуугийн вакцин шинээр үйлдвэрлэгддэг. Энэ нь үргэлж сайн ажилладаггүй. Тийм ч учраас сүүлийн үед маргаантай байгаа” гэж Оз хэлсэн байв. Гэсэн хэдий ч аль болох урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, томууг даван туулах боломжтой байхын тулд өөрсдийгөө “арчлах” хэрэгтэй гэж зөвлөжээ.