АНУ-н засаг захиргаа Кубад газрын тос нийлүүлж байгаа улсуудын бараанд татвар ногдуулж эхэлсэн. Энэ шийдвэрээс болж Кубад эрчим хүчний хямрал нүүрлэж, засгийн газар өдөрт олон цагаар түлшний хэрэглээг хязгаарлах, цахилгаан таслах зэрэг арга хэмжээ авч байна.
11 сая хүн амтай арлын улсын ард иргэдийн аж амьдрал үнэндээ саатсан гэхэд болно. Автобусны зогсоолууд эзгүйрч, айл өрхүүд хоол цайгаа бэлтгэхийн тулд нүүрс, мод түлж байна. Ийнхүү өдөр тутмын аж амьдрал тасалдахад хүрсэн тул ерөнхийлөгч Мигель Диас-Канел ажлын цагийг богиносгох, шатахууны борлуулалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авчээ.
АНУ-ын хүчин Венесуэль ажиллагаа явуулснаас хойш Кубын ирээдүй дээсэн дөрөөн дээр дэнжигнэх болсон. Венесуэль, Куба улсууд нь бүс нутгийн хамгийн ойр холбоотнууд бөгөөд газрын тосоор салшгүй холбоотой.
ЯАРАЛТАЙ ҮЕИЙН АРГА ХЭМЖЭЭ
Кубын ерөнхий сайдын орлогч Оскар Перес-Олива Фрага өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ төрийн телевизээр мэдээлэл өгөхдөө хямралын гол буруутнаар АНУ-ыг нэрлэсэн. Үүний зэрэгцээ түлшний хязгаарлагдмал нөөцийг зөв зарцуулах замаар амин чухал үйлчилгээнүүдийг тасалдуулахгүй байх талаар ард иргэдэд мэдээлэл өгчээ. Өөрөөр хэлбэл, хүн амд зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэхэд л түлшийг ашиглах юм.
Энэ дагуу Кубын төрийн албаныхан ажлын дөрвөн өдрийн тогтолцоонд шилжиж байна. Мөн муж хоорондын тээврийн хөдөлгөөнийг сааруулж, аялал жуулчлалын гол байгууламжуудыг хаах, хичээлийн цагийг богиносгох, их сургуулиудыг зайнаас орох боломжоор хангах зэрэг арга хэмжээ авав. Соёл, спортын үйл ажиллагаануудыг ч бууруулж, байгаа нөөцийг улс орны эрт сэрэмжлүүлгийн системд чиглүүлэх болно.
Дээрх үйлчилгээнүүдийг танаад, эсрэгээрээ зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэл, батлан хамгаалах зэрэг салбарт түлш ашиглах болжээ. Цаашилбал, нарны эрчим хүчээр ажилладаг сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжиж, урамшуулал олгоно.
Түүнчлэн нэг сарын хугацаанд тийрэлтэт онгоцны түлшний нийлүүлэлтийг зогсоох шийдвэр гаргаж байгааг засгийн газрын зүгээс агаарын тээврийн компаниудад мэдэгдлээ. Энэ шийдвэрээс улбаалаад холын зайн нислэг үйлддэг онгоцууд түлшээ авахын тулд Кубаас гарсны дараа өөр улсад зогсох шаардлагатай болох юм.
ЯАГААД
Куба бол Карибын тэнгисийн хамгийн том арлын улс. АНУ тус улсад олон 10 жилийн турш хатуу хориг арга хэмжээ авснаар эдийн засаг нь сүйрч, олон улсын худалдаанаас тусгаарлагдсан. Куба улс газрын тосны тээвэрлэлтийн хувьд Мексик, Орос, Венесуэль зэрэг холбоотон орнуудаас хамааралтай байсан.
Гэтэл Дональд Трампын Венесуэль ажиллагааны дараа АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн газрын тосыг Кубад нийлүүлэхийг хориглосон. Зөвхөн Венесуэлиэр тогтохгүй бусад улсын нийлүүлэлтийг ч таслан зогсоох арга хэмжээ авснаар Кубын нөөц түүхэн доод хэмжээндээ хүрээд байгаа юм. Нэгэнт эмзэг цэгийг нь олж хатгасан тул Кубын засгийн газар унахад бэлэн болсон гэж Трамп мэдэгдэж буй.
Үндсэндээ Трамп дэлхийн бөмбөрцгийн баруун хагас руу овоо хараагаа чиглүүлж байна. Тэрбээр Венесуэльд цэргийн ажиллагаа явуулж, Гренландыг эзлэх амлалт өгч, Кубыг унагахаар эрмэлзэж байна.
Өнгөрсөн сард тэр Кубыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж тодорхойлжээ. Гэвч Куба үүнийг үгүйсгэж байна. Кубын Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногт яриа хэлэлцээ хийхийг уриалсан мэдэгдэл гаргажээ.
Трампын Куба дахь зорилго тодорхойгүй хэвээр байгаа ч АНУ-ын албан тушаалтнууд засгийн газрыг өөрчлөхийг хүсч байгаагаа олон удаа онцлон мэдэгдсэн. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Бид дэглэмийг өөрчлөхийг хүсч байна” гэж Сенатын сонсголын үеэр хэлсэн билээ.
ТЭСЧ ҮЛДЭХ БОДИТ ХЯЗГААР
Мексик улс саяхныг хүртэл Кубын газрын тосны гол нийлүүлэгч байв. Тодруулбал, тус улс Кубын нийт газрын тосны импортын бараг 44 хувийг дангаараа бүрдүүлж байжээ. Харин Венесуэль 33, ОХУ 10, багахан хувийг Алжир бүрдүүлж байсан.
Нэгдүгээр сарын 30-ны байдлаар Куба улсад одоогийн эрэлтийн түвшингээр авч үзвэл ердөө 15-20 хоногийн нөөц үлджээ. Одоогийн эрэлтийг тодорхойлж хэлбэл, Кубад өдөрт 100 мянган баррель түүхий газрын тос шаардлагатай байдаг.
НҮБ Кубын хүмүүнлэгийн нөхцөл байдалд маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Мөн газрын тосны хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд байдал улам дордож, улс орон нуран унана гэдгийг анхааруулж байна.