Иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх, удирдах боломж бүрдэж буйг Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгт оролцох үеэрээ онцоллоо.
Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ өдөрлөгийн үеэр хоёр түвшний ухаалаг шилжилтийг танилцуулсны эхнийх нь “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн байсан бол хоёр дахь нь системийн түвшинд нэвтэрнэ. Ухаалаг эрчим хүчний тогтолцоо нь цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ болон хэрэглэгчдийн тоолуур, тоног төхөөрөмжийг дижитал технологиор холбож, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний мэдээллийг бодит хугацаанд цуглуулан удирддаг систем юм. Ингэснээр эрчим хүчний эрэлт өсөх үед хэрэглээг оновчтой зохицуулах, ачааллыг тэнцвэржүүлэх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж засах, мөн айл өрх, аж ахуйн нэгжийн нар, салхины эрчим хүчийг сүлжээнд үр ашигтай нийлүүлэх боломж бүрдэхийг салбарынхан танилцууллаа.
Мөн Булган, Хэнтий, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймагт нарны 220 МВт эх үүсвэр барих ажлыг сонгон шалгаруулж, өвлийн ид ачааллаас өмнө цахилгаан үйлдвэрлэж эхэлнэ. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 23 суманд хуримтлууртай нарны станц барих ажил хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалтаар эхлээд байгаа ажээ.
Өдөрлөгийн үеэр хэрэглэгчийн цахим үйлчилгээний аппликэйшнийг туршиж, ухаалаг тоолуурын тооцоолол, ажиллах зарчмыг танилцуулж, нарны панель, инвертер, эрчим хүч хуримтлуур, ногоон зээлийн нөхцөл, зээлжих явцын мэдээлэл өгч байна.

Ерөнхий сайд Н.Учрал салбарын шинэчлэлт, шилжилт, чөлөөлөлтийн явцтай танилцаж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзан, “Хэрэглэгчийн хяналт хамгийн шударга бас хүчтэй. Хэрэглэгчийг үйлдвэрлэгч болгох цахим шилжилт эхлүүлж байна. Энэ бол бодлогын эргэлт, салбарын цахим шилжилт. Хамгийн чухал нь Монголд бүтээгдсэн үнэ цэн, үлдэх өгөөж нэмэгдэнэ. Эрчим хүчний шинэчлэлийг товчлуур дараад шийдэхгүй, хариуцлага, хөрөнгө оруулалт, шударга өрсөлдөөн, иргэний оролцоо хэрэгтэй хэмээв. Мөн “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн хэрэглэж, цахим шилжилтэд идэвхтэй оролцохыг уриалаад, цахилгаан дулааны үнэ нэмэхгүй, төлбөрөө төлөөгүй айлын цахилгааныг гэнэт таслахгүй, 2-3 хоногийн өмнөөс сануулж, хэзээ таслахыг нь мэдэгддэг болж байгаа гэсэн юм.