ДАШТ-ий фаворитууд: Хөлбөмбөг Роналдод өрөө төлөх үү?

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхэд дөрвөн өдөр үлдлээ. Шигшээ багууд ч Америк төвд төвхнөж, тэмцээний өмнөх нөхөрсөг тоглолтуудаа хийж байна. Мэдээж 48 улсын шигшээ баг тус бүртээ зорилгоо тодорхойлж, амжилтаа ахиулахыг хүсч байгаа. Эдгээрээс түрүүлэх багийн тоонд орж буй нь цөөн. Тэгвэл энэ жил Алтан дагиныг өргөх хамгийн өндөр магадлалт багуудтай танилцъя.

ИСПАНИ

ДАШТ-ий фаворитууд: Хөлбөмбөг Роналдод өрөө төлөх үү?

Европын аварга Испанийн шигшээ баг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хоёр багийн нэгээр нэрлэгдэж байна. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад “Ла Роха” энэ хугацаанд УЕФА Үндэстнүүдийн лиг, Европын аварга, Парисын олимпод дараалан түрүүлжээ. Мөн дэлхийн аваргын эрхээ нэг ч хожигдоогүй авсан юм.

Испанийн шигшээ баг өдгөө дэлхийн чансааны хоёрдугаар бичигдэж байна.

Испанийн шигшээ баг бол довтолгоо сайтай, бүтээлч баг. Хурдан довтолгоо, бөмбөг эзэмшиж тоглодог арга барилтай тэд 2010 онд дэлхийд анх удаагаа түрүүлж байв. Одоо илүү хурдан, илүү түрэмгий болсон гэлтэй. Гоцлон тоглолт, шахалтаараа Испани бусдаасаа ялгарна. Ганц сул тал нь бүрэлдэхүүн нь дэндүү залуу, хэт довтолгоонд төвлөрсөн гэх.

Багийн супер од нь яахын аргагүй 18 настай Ламине Ямаль. Барселонад хэдийнэ Мессигийн залгамжлагч гэж яригдаж буй тэрбээр бэртлээсээ эргэн ирж байгаа. Түүний хамт нөгөө жигүүрт нь Нико Уилльямс, талбайн төвд нь Педри бий. Хэрэв Фермин Лопез гэмтээгүй байсан бол улам л хүчирхэг болох байсан биз.

Ийнхүү дасгалжуулагч Луис де ла Фуентэ энэ дэлхийн хамгийн авьяаслаг, хувийн ур чадвартай багийг удирдана.

ФРАНЦ

ДАШТ-ий фаворитууд: Хөлбөмбөг Роналдод өрөө төлөх үү?

Испанийн адилаар Францын дэлхийн аварга болох магадлал өндөр. Тэд хоёр дэлхийн аварга дараалан финалд шалгарч, 2018 онд түрүүлж, 2022 онд үзүүрлэсэн түүхтэй. Хамгийн сүүлд ийм амжилтыг Бразил л үзүүлсэн.

Францын довтолгоо багуудыг айлгана. Ямар ч хувилбараар, хэнийг ч гаргасан эсрэг багийн хамгаалагчдыг “зовооно”. Өнгөрсөн жилийн алтан бөмбөгийн эзэн Усман Дембеле хүртэл сэлгээнд суух боломжтой гэхээр сүрдэм сонсогдоно. Харин ганц гараанд баталгаатай гарах хүн нь Килиан Мбаппе биз. Тэрбээр 2018 оноос хойш шигшээ багийнхаа амин зүрх нь болсон.

Дембелегээс гадна Майкл Олисе өнгөрсөн улирал Германд, Европд дийлдсэнгүй. Ийм баг сөрөг довтолгоог эхлүүлвэл алдаа хийж, зогсоохоос өөр аргагүйд хүрнэ. Мөн Францад динамик төвийн шугам, шилдэг хамгаалалт бий.

АРГЕНТИН

ДАШТ-ий фаворитууд: Хөлбөмбөг Роналдод өрөө төлөх үү?

Аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг дараалан түрүүлсэн гурав дахь улс болохын төлөө хичээнэ. Хэдий өнгөрсөн удаад түрүүлсэн ч тэд ханах болоогүй. 2024 онд АНУ-д болсон Копа Америкад түрүүлсэн гэхээр энэ тив тэдэнд хишгээ хайрладаг бололтой.

Бүрэлдэхүүнийг нь харвал ширүүн, түрэмгий тоглолттой тоглогчид олон бий. Клубээсээ илүүтэйгээр шигшээ багийнхаа төлөө тоглохоор өөр сэтгэхүй, сэтгэл зүйтэй болдог нь ч бий. Хамгийн чухал нь тэдэнд Лионель Месси. Урьдын адил хурдтай, тэсрэлттэй биш болсон ч тоглолтыг найруулах, бусдыгаа манлайлах тал дээрээ хэнийг ч дагуулахгүй нэгэн.

Аргентины өмсгөлөө өмсөхөөрөө хамгийн шилдэг формдоо ордог хаалгач Эмилиано, хамгаалагч Кристиан Ромеро, хагас хамгаалагч Энцо, Мак Алистер, довтлогч Хулиан Альварез гэх нэрс байгаа.

ПОРТУГАЛ

ДАШТ-ий фаворитууд: Хөлбөмбөг Роналдод өрөө төлөх үү?

Роналдо илүү юу, Месси илүү юу? Энэ эцэс төгсгөлгүй маргаанд Мессигийн ганц илүү зүйл нь алтан дагина. Португалчууд хөлбөмбөг шигшээ багт нь болон Роналдод том өртэй гэж ярьдаг. Учир нь Португал улс хөлбөмбөгт Роналдог бэлэглэж, өдгөө ч түүний адил олон гайхалтай хөлбөмбөгчдийг төрүүлжээ. Тэгвэл энэ удаад энэ өрөө дарж, Месситэй зэрэгцүүлэх үү гэдэг анхаарал татаж байна.

Хөлбөмбөг өнгөрсөн жил Аргентинд өрөө төлсөн гэнэ.

Одоо Роналдо Португалын тод од, гол хүн нь байхаа больсон. Түүнд туслах, ачааг нь үүрэлцэх, залуу одод гялалзаж эхлэв. Бруно Фернандеш, Витиньа, Бернардо Силва, Жоао Невеш гэх нэрсийг харахад л Португалын дундын шугам энэ дэлхийн аваргын хамгийн хүчирхэг нь.

Мөн Нуно Мендеш гэж залуу байрлалдаа хэдийнэ дэлхийн шилдэг гэж тооцогдох болсон. Түүнийг домогт Роберто Карлостой зүйрлэх нь олон. Хамгаалалтад Рубен Диаш. Дасгалжуулагч Роберто Мартинезын л ур чадварыг дэлхий ажиглаж байна. Тоглолтын хэмнэлийг удирдаж, бүтэн талбайд шахдаг, жигүүрээр голлон довтолдог түүний хэв маяг Роналдог баярлуулах уу?

АНГЛИ

ДАШТ-ий фаворитууд: Хөлбөмбөг Роналдод өрөө төлөх үү?

Хөлбөмбөг гэх гайхалтай спортыг хүн төрөлхтөнд авчирсан энэ улс 60 жил цом хүртэж үзээгүй явна. Дэлхийн аварга бүрийн өмнө л Английн шигшээ баг гол фаворитоор нэрлэгддэг. Гэвч үр дүн нь сэтгэл гонсойлгодог. Бүрэлдэхүүнийг нь харахад итгэл, найдвар төрүүлдэг ч яг чухал тоглолтод үргэлж азгүйтнэ.

Энэ жил тэд өнгөтэй байгаа. Томас Тухелийн удирдлага дор найман тоглож, найм хожсон. Ингэхдээ бүр нэг ч гоол алдаагүй гэх сүрдэм үзүүлэлттэй. Багийн гол од нь Харри Кэйн. Бундеслигт очоод цомын зангаагаа тайлчихсан тэр гоолыг оруулдаг хэвээрээ.

Түүний адилаар Букайо Сака, Жуд Беллинхем гэх том нэрс бий. “Гурван арслангууд”-ын гол давуу тал нь агаарын тулаан. Хөдөлгөөнгүй бөмбөг болон нээлттэй тоглолтоос сайн мөргөдөг тамирчид олон.

БРАЗИЛ

ДАШТ-ий фаворитууд: Хөлбөмбөг Роналдод өрөө төлөх үү?

Бразилын шигшээ баг ярианаас гадуур яваа нь нууц биш. Гэхдээ дон Карло Анчелотти багаа гэрэлд цохиулахгүй, сүүдэрт л дарж явна. Эвертоныг эс тооцвол Анчелотти очсон газар бүрээ ялалт дагуулдаг. Эсрэгээрээ Бразилын ганц сул тал нь дасгалжуулагч байсан. Энэ бүхэн одоо зөв хүнийхээ гарт очжээ.

Өнгөрсөн жилүүдийнх шиг Бразилд олон од байхгүй. Довтолгооны сонголтууд нь ч хамгаалалтаа бодвол дутмаг харагдана. Хоёр жигүүрт нь Винисиус Жуниор, Рафинья гэх самба бүжигчид бүжнэ. Гагцхүү төвийн довтлогч нь хэн бэ гэдэг анхаарал татаж буй.

Неймарын үүрэг, оролцоо одоог ч тодорхой болоогүй. Ядаж байхад бэртэл авч, багтаа нэг хэсэг тус болохгүй. Бразилд асуудал, тодорхой болгох зүйлс олон байгаа ч таван удаагийн дэлхийн аваргуудыг тооцооноос гадуур үлдээж болохгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн