УЛААНБААТАР, 2026 оны зургаадугаар сарын 2 //. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-2010
Хөл бөмбөгийн дэлхий аварга шалгаруулах 19 дахь удаагийн тэмцээнийг Африк тивд явуулах шийдвэр гарсны дагуу Египет, Марокко, ӨАБНУ болон Ливи-Тунис (хамтран зохион байгуулахаар) улсууд нэрээ дэвшүүлж, саналаа ирүүлсэн юм.
2004 оны тавдугаар сарын 15-ны өдөр Цюрих хотноо болсон Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) бага хурлын үеэр ӨАБНУ олонхын санал авч, ДАШТ-ийг хүлээн авах эрхийг авсныг ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер зарлаж байв. Энэхүү эрхэм үүргийг хүлээсэн ӨАБНУ тэмцээнийг 2010 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 11-ний хооронд амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ удаагийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод дэлхийн 204 орны шигшээ багууд хүч сорьсон нь оролцсон орнуудын тоогоороо Бээжингийн Олимпын амжилтыг давтсан юм.
Европ (УЕФА) – тивийн 53 багаас 13
- Ази (АФК) – тивийн 43 багаас 4 + 0,5 ( Далайн орнуудын 0,5)
- Африк (КАФ) – тивийн 51 багаас 5 + ӨАБНУ
- Хойд болон Төв Америк, Карибийн тэнгис (КОНКАКАФ) -ийн 35 багаас 3+0.5
- Өмнөд Америк (КОНМЕБОЛ) —тивийн 10 багаас 4+0.5 (Африк тивийн 0.5)
- Далайн орнууд (ОФК)- 10 багаас 0.5 шигшээ баг
Нийт 31 баг ӨАБНУ-ыг зорих эрхээ авсан юм. 2010 оны ДАШТ өмнөх тэмцээний нэгэн адилаар 32 багийг 8 хэсэг болгон, хэсэг тус бүрийн шилдэг 2 баг хасагдах шатны тоглолтод оролцон аваргаа тодруулсан байдаг. Аваргын төлөө тоглолтод 2008 оны Европын аварга “Ялагдашгүй армада” Испанийн баг Холландын шигшээ багийг 1:0-ээр буулган авснаар анх удаагаа дэлхийн аваргын цомыг хүртсэн билээ.
2010 оны ДАШТ-ий эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
- ФИФА болон “Sony” компани хамтран сонгосон тус тэмцээний албан ёсны сүлд дуу нь Колумбын алдарт дуучин Шакира Өмнөд Африкийн “Freshlyground” хамтлагтай хамтран дуулсан «Waka Waka (This Time for Africa)» байсан бөгөөд дэлхий даяар хит болсон юм.
- Хэсгийн шатанд шалгарсан баг бүр 8 сая, шөвгийн 16-д шалгарвал 9 сая, шөвгийн 8-д (1/4 шигшээ) үлдвэл 16 сая, хагас шигшээд шалгарвал 20 сая, мөнгөн медаль хүртвэл 24 сая, харин аварга болсон баг 30 сая ам.долларын урамшуулал авсан. (Шагналыг еврогоор дүйцүүлж олгосон бөгөөд аварга болсон Испани улс 23.7 сая евро авчээ).
- Энэхүү ДАШТ-ий нэг онцлог нь Африкийн хөгжөөн дэмжигчдийн хэрэглэдэг Вувузел хэмээх бүрээ байв. Цэнгэлдэх хүрээлэнд тасралтгүй үргэлжлэх дуу нь тоглогчид, хөгжөөн дэмжигчдийг багагүй залхааж байсан хэдий ч тэмцээний дараа дэлхий даяар эрэлт нь ихэссэн гэгддэг.
- Германы Оберхаузен хотын аквариумын “Пауль” нэртэй наймаалж Германы шигшээ багийн бүх тоглолтын үр дүнг (мөн шигшээ тоглолтын үр дүнг) алдалгүй тааж, дэлхий дахиныг гайхшруулсан билээ.
- Бэлгэ тэмдэг нь ногоон үстэй, шар зүстэй Закуми нэртэй леопард /цоохор ирвэс/ байжээ.
Тус ДАШТ-ий мэргэн буучаар Германы хөлбөмбөгчин Томас Мюллер, Испанийн тоглогч Давид Вилья, Нидерландын багийн Уэсли Снейдер, Аргентины тоглогч Диего Форлан нар тус бүр 5 гоол хийсэн амжилтаараа шалгарсан юм.
