ТЕЛЬ-АВИВ, 2026 зургаадугаар сарын 8 /BBC/. Ням гаргийн орой Ираны тал Израилын хойд нутаг рүү хэд хэдэн удаа пуужингийн цохилт өгчээ. Израилын Батлан хамгаалах хүчин Иранаас харвасан бүх пуужинг амдан сөнөөсөн гэж мэдэгдэв.
“Агаарын довтолгооноос хамгаалах систем одоогоор аюул заналыг илрүүлж, амдан устгаж байна” гэж Израилын Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд дурдсан байна.
Израил үүнээс ч их хэмжээний цохилтод өртөнө хэмээн Ираны Зэвсэгт хүчний командлал сүрдүүлжээ.
“Энэхүү ажиллагаа нь нэг удаагийн үйл явдал биш, бүтэн долоо хоног үргэлжлэх тасралтгүй цохилтын эхлэл юм” гэж Исламын хувьсгалт гвардийн корпусын мэдэгдэлд дурдсан байна.
“Дайснууд гэмт үйлдлээ зогсоох хүртэл ирэх долоо хоногийн турш пуужин болон дроноор өдөр шөнөгүй довтлох болно. Ираны газар нутагт өгсөн аливаа цохилтын хариуд төсөөлж байснаас ч асар хүчтэй арга хэмжээ авах болно” гэж Исламын хувьсгалт гвардийн корпус мэдэгджээ.
Ираны эрх баригчдын мэдэгдсэнээр, Израил Бейрут руу цохилт өгснөөрөө “бүх улаан шугамыг давсан” гэлээ. Ням гарагт Израил Ливаны нийслэлийн өмнөд захын дүүрэг дэх “Хезболла”-гийн байрлалуудад цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Ираны пуужингийн цохилтын хариуд Израилын армийн штабын дарга мэдэгдэхдээ “Тушаал өгмөгц дайсанд шийдвэртэй цохилт өгөх болно” гэжээ. Иран “ноцтой алдаа” гаргасан гэж тэрбээр онцолжээ.
Үүний сацуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Axios” цахим хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Ирантай хийж буй хэлэлцээг тасалдуулахгүйн тулд хариу цохилт өгөхгүй байхыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугаас хүсэх бодолтой байна гэжээ.
Тэрбээр дараа нь “Financial Times” сонинд утсаар ярилцлага өгөхдөө, Ирантай байгуулах АНУ-ын аливаа хэлэлцээрийг зөвшөөрөхөөс өөр сонголт Нетаньяхуд байхгүй гэж мэдэгджээ. Трампын хэлснээр, Ираны сүүлийн цохилтууд “хэлэлцээрт ямар ч нөлөө үзүүлээгүй” байна.