ЖЕНЕВ, 2026 оны зургаадугаар сарын 6 /TASS/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) үеэр цэнгэлдэх хүрээлэнгүүд рүү хуванцар савтай ус авч орохыг зөвшөөрчээ.
“АНУ, Канадад болох ДАШТ-ий бүх тоглолтод хөгжөөн дэмжигчид 590 мл-ийн хэмжээтэй, тагийг нь онгойлгоогүй нэг ширхэг зөөлөн хуванцар савтай ус авч орох боломжтой” гэж ФИФА “Х” нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлсэн байна.
ФИФА-гийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Хеймо Ширгийн тайлбарласнаар, үзэгчид дээр заасан хэмжээтэй энгийн усны савыг цэнгэлдэх хүрээлэнд авч орох боломжтой, хатуу хуванцар, дахин ашиглах зориулалттай савтай орохыг хориглоно. Харин Мексикт болох тоглолтуудад ямар журам үйлчлэх талаар ФИФА-гийн мэдэгдэлд дурдаагүй байна. Х.Ширгийн хэлснээр, тус улсад ийм журам хэрэгжүүлэхийн өмнө “эрх зүйн зарим асуудлуудыг” шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.
Тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 4-нд ФИФА цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх журмаа шинэчилж, хоосон хуванцар сав авч орохыг хориглоод байсан юм. Тус байгууллага шинэ шаардлагыг аюулгүй байдлын үүднээс хэрэгжүүлж байгаа хэмээн тайлбарлаж байв. Гэвч хэт халуун өдөр зарим хөгжөөн дэмжигч цэнгэлдэхэд усгүй суух нөхцөл үүсэж болзошгүй тул уг шийдвэр нь хөгжөөн дэмжигчид, спортын багууллагуудын албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, улстөрчдийн шүүмжлэлтэй тулгарчээ.