FIFA: Хөгжөөн дэмжигчдийн ашигладаг эд зүйлсийг хориглов

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн уур амьсгалыг өргөж өгдөг вувузела нэрт хуванцар бүрээг энэ жил хориглож байна. АНУ, Канад, Мексикт болох тоглолтуудын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд вувузела оруулахыг албан ёсоор хоригложээ. Хуванцар хийцтэй урт бүрээ нь Өмнөд Африкийн хөлбөмбөгийн тоглолтуудын салшгүй хэсэг бөгөөд 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дэлхий даяар ихээхэн алдаршсан. Гэвч тасралтгүй нэгэн хэвийн дүнгэнэсэн чимээ нь зөгийн сүрэг шуугихтай адил сонсогддог гэх шүүмжлэл дагуулсаар иржээ.

Зөвхөн вувузела бүрээгээр зогсохгүй шүгэл, агаарын даралтат бүрээ болон хэт чанга дуу гаргадаг бусад бүх төрлийн хэрэгслийг ДАШТ болох 16 цэнгэлдэх хүрээлэнд оруулахыг хориглосон байна. Лазер туяа цацруулдаг төхөөрөмж, лазер заагч болон түүнтэй төстэй хэрэгслүүдийг ч хоригложээ. Аюулгүй байдлын үүднээс дахин ашигладаг усны савыг ч цэнгэлдэх хүрээлэн рүү авч орох боломжгүй.

Түүнчлэн биеийн будаг болон шивээсийг хувцас гэж тооцохгүйг хориглосон зүйлсийн жагсаалтад дурдсан байна. Талбай руу нүцгэн гүйх, биеийн нууц хэсгээ харуулах зорилгоор хувцсаа тайлах зэрэг үйлдлийг мөн хоригложээ.

Дүрэм зөрчсөн үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэхгүй, нэгэнт дотор нь орсон бол хөөж гаргана.

Дашрамд дурдахад, 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Тэмцээнийг нээж Мексикийн шигшээ баг Өмнөд Африкийн багтай зургадугаар сарын 11-нд тоглоно.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн