Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 6 //. Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулан хэрэгжүүлж байна.

Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Энэ хүрээнд “Нэг үндэстэн-Нэг алсын хараа” уриан дор зохион байгуулж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал “ICOT-2026” энэ сарын 4-6-нд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Тус хурал нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, донорын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм.

Мөн 21 аймаг, есөн дүүрэг, улсын болон төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тархины үхэл тодорхойлох багууд, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, резидент эмч нар оролцож, эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлж, ажлын байрны сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдаж байгаа аж.

Түүнчлэн ”ICOT-2026” хуралд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын нэр хүндтэй 20 гаруй эрдэмтэн, профессор, судлаачид оролцож байна. Үүнд, БНСУ-ын донор болон эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, Азийн Шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Curie Ahn, БНТУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн Ерөнхийлөгч, олон улсын эксперт Eyup Kahveci, Испанийн Donor Transplantation Institute-ийн Ерөнхийлөгч Martí Manyalich нар хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, шилдэг практик, судалгааны үр дүнгээ хуваалцаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн