Гүн Галуутай нутаг… Энэ жил мэндэлсний нь 120 жилийн ой тохиож буй Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн газар хэмээн бидний боддог энэ холбоо нэр угтаа бол хоёр тусдаа газрын нэр юм байна.
Нутгийнхан “Гүн Галуутай гэж хоёр өөр газрын нэр шүү. Их, Бага Гүн нуур гэж байгаа. Тэр нь Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурь хавьд, харин Галуутын гол бол түүнээс баруун урагшаагаа бий. Галуу зэрэг усны шувууд олноороо ирж зусдаг сайхан гол доо” гэж тайлбарлав. Гүн нуурууд нь Галуутын голоороо нэрлэсэн Галуут багийн нутагт байдаг аж.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг буюу хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны энэ хавийг хойноос нь урагш зураглан нэрлэх юм бол Бага Гүн нуур, Гүний овоо, Их Гүн нуур, Аягын нуур, Галуутайн гол, Байц, Бэрх, Улаанчулуутын уулс гээд урагшилна.

Бага Гүн нуур. Цаана нь Багануурын уурхай харагдаж байна.

Гүний овоо

Их Гүн нуур

Аягын нуур
Алдарт “Миний нутаг” шүлэгт дурдагддаг Байц, Бэрхийн уулс гэхэд Нагалхаан, Хэрлэн Баян Улаан, Чойрын Богд, Нартын уултай холбогддог аргаль, янгирын дамжин нутагладаг нол бүс нутаг, төв тэнхлэгийн зам дагуу хамгийн ойрхон аргаль, янгир харах боломжтой цэг юм байна.
Дашдоржийн Нацагдорж бээр Бага Гүн нуурынхаа өмнөхөн талд буй Их Гүн нуурын зүүнтэйх Аягын нуур, Аягын усыг залган орших Аягын хар уулын Аягын хавтгай /ам/-д төржээ. Мэлз уулын баруун тал энэхүү газарт өдгөө 1980-аад онд Багануурын уурхайчид болон Хилийн 0252 дугаар ангийн төлөөлөл босгосон “Орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж (1906-1937) Төрсөн гэрийн буурь” хэмээсэн даруухан хөшөө байна.
Төмөр баганууд дээр тулга, тэгээд галын дөл бүхий дүрслэлтэй, тал талдаа тайлбар, их зохиолчийн хөрөг бүхий хөшөөний нэг самбарт нь “Анх 1983 онд хилчин уурхайчин залуучуудын чуулга уулзалтаар их зохиолчийн төрсөн газрын гэрийн буурийг тогтоон тохижуулж 2003 онд дахин сэргээж засварлав. Багануур ХК, Хилийн 0252-р анги, 2003.5” гэжээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бэлтгэсэн “Өрнийг зорьсон монголчуудын эрдмийн харгуй” нэвтрүүлэг
Их зохиолчийн олны зүрх сэтгэлд хоногшсон бүрх малгайтай хөргийг дүрсэлсэн баруун талын самбар дээр нь:
Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө хэмээх сэтгэл бидний зүрхэнд холбоотой
Д.Нацагдорж…гээд Мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ, Багануур дүүргээс шинэчлэн засварлав хэмээн бичжээ. Одоогоос 20 жилийн өмнө чулуунаа дүрсэлсэн хөрөг дүрийн алтадсан боронз бүдгэрч, зарим газраа хууларч арилжээ.

Аягын хавтгай дахь их зохиолчийн төрсөн гэрийн буурь дээрх хөшөө
Хөшөөний өөр нэг талд их зохиолчийн үйл хэргийг илүү дэлгэрэнгүй дурджээ. Үүнийг сийрүүлбэл:
Дашдоржийн Нацагдорж
Их зохиолч 1906 оны 11 сарын 17-ны өдөр Аяга хэмээх энэхүү газар Дашдорж тайжийн хүү болон мэндэлжээ.
Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, нийтлэлч, орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч, нийгэм, улс төрийн зүтгэлтэн байлаа.
Д.Нацагдорж Монголын орчин үеийн уран зохиолын уран сайхны дүрслэн үзүүлэх аргыг тогтоож, яруу найраг, үргэлжилсэн үгийн аль ч төрөл дээр анхны үндэс суурийг тавьсан нь хойч үеийнхэндээ үлгэр дууриал болоод зогсохгүй манай орны төдийгүй дэлхийн утга зохиол, соёлын өвд үнэтэй хувь нэмэр оруулж, яруу сайхны тэнгэрт мөнхөд гэрэлтэх од болсон юм.
Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн олон бүтээл туурвисан цаг үеэсээ түрүүлсэн их сэтгэгч билээ” хэмээн бичжээ.
Их зохиолчийн төрсөн гэрийн буурь хэмээн хөшөө босгосон энэ газрыг 2005-2006 оны үед сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргаж орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Баяндэлгэр сумын хамгийн том баг Галуут багийн нутаг дахь их найрагчийн гэрийн буурийг тамгалсан хөшөөний хажууд буюу урдхан талд нь малчин Б.Адьяасүрэнгийнх хашаа хороотойгоо төвхнөж, энэ хавиа харж хандаж байдаг ажээ.
Их, Бага Гүн нуур, Гүний овоо, Аягын нуур, Аягын ус, Аягын хар уул, Аягын хавтгай, Мэлз уул, Нүүрэнтэйн дэнж…Энэ хавь бол их зохиолчийн өвөг дээдсийн нутаглаж асан нутаг юм байна.

Ахмад багш Г.Нямсүрэн
Ховд аймгийн Дарви суманд төрсөн ч Улсын багшийн дээд сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөнөөсөө хойш энэ нутагт 41 амьдарч буй, тэр дотроо Баяндэлгэрийн дунд сургуульд 26 жил багшилсан, их зохиолч Д.Нацагдоржийн талаар бичсэн бүхий л ном зохиолыг олж уншиж, үүх түүх, удам судрыг нь судалдаг ахмад багш Г.Нямсүрэн “Энэхүү Мэлз хайрхны баруун өвөр Аягын аманд Дашдорж гуай нутагладаг байсан гэдэг юм. 1919 оны тоогоор Дашдорж тайж 4 үхэр, 21 хоньтой гэж тоологдсон байдаг. Дашдорж тайжийн аав Цэрэндорж тайж гэж байж. Энэ хүн бол Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн 14 дэх үеийн удам, Дөтгөөр зэргийн тайж буюу 4 хамжлага захирах эрхтэй алтан ургийн төрлийн тайж байсан байгаа юм. Эх Пагам нь нас барсны дараа Нацагдоржийг зургаа долоон настай байх үед Дашдорж тайж Хүрээ рүү орж, хүүгээ тэнд эрдэм номтой болгоход анхаарсан. Д.Нацагдорж энэ нутагт “Миний хэнз хурга” зэрэг олон шүлгээ бичсэн, тэр нь тухайн үеийн хүмүүсийн дурсамжаар батлагдсан байдаг” хэмээн ярилаа.
Их зохиолчийн 120 жилийн ойг Баяндэлгэр сумынхан зун долоодугаар сарын 20-дын үед сумынхаа наадамтай хамтатган тэмдэглэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Аягын хавтгай дахь төрсөн гэрийн буурийг нь зориод ирсэн хүмүүс аятай тухтай буугаад морьдох, бас яруу найргийн тэмцээн уралдаан, бусад арга хэмжээ зохион байгуулж болохоор тохижуулах зураг төсөл гаргаад хөрөнгө оруулалт хөөцөлдөж байгааг сумын Засаг дарга Д.Энхсүх ярив.

Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Энхсүх
Хэрвээ их зохиолчийн гэрийн буурь орчмыг сумынхны хийлгэсэн зураг төслийн дагуу тохижуулбал, наад зах нь зориод ирсэн хүмүүс нар, салхи, борооноос халхлах хэдэн асартай, жижиг тайзтай, гадуураа хашаа хороотой болох юм байна. Тэгвэл гэрийн буурийг сахиж буй малчин Б.Адьяасүрэнгийн үүрэг хариуцлага ч нэмэгдэж таарна.
Их зохиолчийн төрсөн нутгийн хувьд Баяндэлгэр сумын сургууль нь түүний нэрэмжит, төв талбайдаа том сайхан хөшөөтэй, Соёлын төвийн Номын санд Д.Нацагдоржийн булантай ажээ. Энэхүү буланг ахмад багш Г.Нямсүрэн байгуулсан юм байна.


Баяндэлгэр сумын төв, дунд сургууль
Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурь бүхий Галуут багийн нутаг нь “Малчдын гол зуслангийн нутаг” хэмээн багийн шинэ, хуучин Засаг дарга Ц.Энхтүвшин, С.Идэрчулуун нар тодотгов.
Энэ нутгийнхан өвөлдөө хойшоо уулаадаа буюу Хан Хэнтий нуруу түшиж өвөлжөөд хавар, зуны заагаар Бага Гүн нуур орчимд бууж зуны эхэн сард Гүний овоогоо тахиад урагшлан Их Гүн нуур, Аягын нуур, Аягын ус /гол/, Галуутын гол, Хэрлэн хүртэл зусдаг эртний уламжлалтай байсан, одоо ч энэ уламжлал хэвээрээ байгаа аж.

Баяндэлгэр сумын ИТХ-ын дарга асан Ц.Энхтүвшин
Баяндэлгэр сумын ИТХ-ын дарга, төлөөлөгч, сумын Засаг даргын орлогч, Галуут багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин гуайн яриагаар бол Хан Хэнтийн уулсаасаа урагшлаад Тогосын гол, Хужиртын гол, Дэлгэрийн гол, Тал булагийн гол, Рашаантын гол, Их, Бага Гүн нуур, Аягын нуур, Галуутын гол гээд Хэрлэнд цутгадаг усны чуулбар байжээ. Харамсалтай нь одоо эдгээр голын зарим нь ширгэж хатсан төдийгүй их зохиолчийн төрсөн гэрийн буурийн ойр орчмын Их, Бага Гүн нуур, Аягын нуур хүртэл жилээс жилд жижгэрсээр байгаа юм байна.

Галуут багийн Засаг дарга С.Идэрчулуун
Дээхэн үед бол Бага Гүн нуур одоогийнхоосоо хамаагүй том цэлийсэн, бүр загас жараахай ихтэй, усны шувууд сүрэг сүргээрээ чуулдаг нуур байжээ. Бага Гүн нуурын зүүнтээх Нүүрэнтэйн дэнжид Багануурын уурхай байгуулагдаж, тэр цагаас хойш нуурын ус жилээс жилд багассаар загас жараахай, амьтан ургамал нь устаж цөөрсөн болохоор усны шувууд чуулах нь ч илэрхий цөөрчээ.


Их, Бага Гүн нуурын орчим
Их Гүн нуур ч ялгаагүй цагтаа хавийн амьтан ундаалдаг, хавийн шувууд чуулдаг том нуур байжээ. Их Гүн нуур, Аягын нуурын дунд аралтай байсан ч одоо тэр арал хоёр нуурын дурдуур явдаг зам болж хувирчээ. Нуурын ус тэгж их багассан гэсэн үг. Тиймээс их зохиолчийн төрсөн нутаг Их, Бага Гүн нуур орчмын хамгаалалтын зэрэглэлийг сумынхаас аймгийн түвшний болгож ахиулах эрмэлзэл аймгийнханд байдаг юм байна. Тэгвэл нуур ус ширгэж буйгаас эхлээд байгаль, экологийн асуудалд нь төвийн мэргэжлийн байгууллагжжд, аймаг, орон нутгаас илүү их анхаарал тавих боломжтой гэж үзэж байгаа ажээ. Нөгөө талдаа энэ нь хавийн нутгийг хамгаалж байгаа нэрээр малчдын бэлчээр усыг хумих ажил болох вий гэсэн болгоомжлол байгааг ч багийн Засаг дарга С.Идэрчулуун хэллээ.

Багануур дүүргийн төв дэх Д.Нацагдоржийн хөшөө

Баяндэлгэр сум, Багануур дүүргийг холбосон Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хөшөө
Сонирхуулахад, Гүн хэмээх үг монгол хэлэнд олон утгыг зааж байна.
- Гүн-хэргэм цол, эрт цагт Орхон голд Орхон түшээ гүн хэмээн цол олгож, түүнээс улбаалан Орхон түшээ мөрөн минь гэдэг болсон түүх бий.
- Гүн-гүн бат, итгэл найдвартай
- Гүн-далд утга, бодлоготой, гүн ухаан
- Гүн-гүн гүнзгий, усаар бол хөлгүй…гэх мэт.
Суу алдраа дуурсгасан суут зохиолчийн хүй дарсан чулуу бүхий өвөг дээдэс нь үе дамжин нутаглаж ирсэн Их, Бага Гүн нуурын нэрийг чухам аль утгаар нэрлэсэн юм бол доо…
Д.Нацагдорж “Хавар” шүлгийн зохиомж
Баяндэлгэр-Их, Бага Гүн нуур-Аягын хавтгай-
Мэлз уул-Багануур-Улаанбаатар
Гэрэл зургийг Г.Мөнх-Од