Япон: Баавгайн дайралтаар 4 хүн амиа алджээ

Япон даяар дөрөвдүгээр сар гарснаас хойш баавгайн дайралтад өртсөн дөрвөн хүн нас барж, 21 хүн гэмтэж бэртжээ. Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл 47 мужийн дор хаяж есд нь баавгайн дайралт бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн Мягмар гаригт /2026.06.02/ Японы зүүн хойд хэсэгт орших Акита хотод 73 настай эмэгтэй гэрийнхээ ойролцоох ойд нас барсан байдалтай олджээ. Задлан шинжилгээ болон цогцосны нөхцөл байдлыг үндэслэн түүнийг баавгайн дайралтад өртсөн гэж тогтоосон байна.

Газар сайгүй баавгайн дайралт ихэссэн тул ард иргэд баавгайг айлгах радио, хонх зэрэг зүйлийг биедээ авч явах, гадуур гарахдаа ганцаараа бус бүлгээрээ явахыг эрх баригчдын зүгээс уриалж байна. Мөн үзэгдэх орчин муутай газарт санаатайгаар чанга дуу чимээ гаргахыг, баавгай татах боломжтой хүнсний хаягдал үлдээхээс зайлсхийхийг зөвлөв.

Баавгайн дайралт өнгөрсөн оноос эхлэн идэвхжсэн. Тодруулбал, 2025 он Японы хувьд баавгайн дайралтын тоо ер бусаар ихэссэн, үндэстний хэмжээнд хор хохирол учруулсан жил байсан. Тийм ч учраас япончууд 2025 оныг хамгийн сайн төлөөлөх ханзаар “баавгай” гэдэг ханзыг хүртэл сонгосон.

Баавгайнууд суурьшлын бүсэд орж ирсэн, хүн рүү дайрсан хэд хэдэн хэрэг гарсан учир Японы засгийн газар зохих арга хэмжээнүүдийг үе үе авч хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал, баавгайг айлгах зорилготой робот чоно байршуулах, баавгайн анчидтай хамтарч ажиллах, улсын төсөвтөө баавгайтай тэмцэх зардлыг тусгах зэрэг арга хэмжээ авчээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн