Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 9 дүгээр хуралдаан өчигдөр болж, зарим асуудлыг хэлэлцлээ.
Үүнд, нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийтийн эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг тогтоох, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг шинэчлэн батлах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын дүрэм, орон тооны хязгаарыг батлах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд асуудалтай байгаа бродюрын талаар төлөвлөгөө гаргаж, яаралтай шалгаж танилцуулах, хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ажлыг хувийн хэвшилд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар болов. Есөн дүүргийн Засаг дарга нарыг дүүргийн гудамж, талбайд цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор иргэдтэй хамтран ажиллах үүрэг өглөө.
Түүнчлэн нийслэлд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагын жагсаалт, мэдээллийг гаргаж, нэг талдаа татварын мөнгөөр үнэтэй оффис түрээслэх, нөгөө талд нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж түрээслэх асуудлыг шийдэх хэрэгтэйг хотын дарга Б.Пүрэвдагва онцолсон талаар НЗДТГ-аас мэдээлэв.