Найруулагч, “Сэмүүн” студийн захирал Б.Баяр Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Монголын хадны зураг дахь морины дүрслэлийг онцлон толилуулж буй “Туурайн цуурай” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.
Эртний хад чулуунд мөнхөрсөн адууны дүрс нь нүүдэлчдийн аж төрөхүй, сэтгэлгээ, соёл иргэншлийн үнэт өв, хүн ба хүлэг морины салшгүй холбоо, нүүдэлчдийн өв соёлын мөн чанарыг таниулж буйгаараа онцлог юм.
Энэхүү үзэсгэлэнд найруулагч, судлаач Б.Баярын олж цуглуулсан 500 орчим адуутай холбоотой хадны сүг зургаас 50 гаруй зургийг шилж сонгон танилцуулж байна.
Эртний хад чулуунд мөнхөрсөн адууны дүрс нь нүүдэлчдийн аж төрөхүй, сэтгэлгээ, соёл иргэншлийн үнэт өв, хүн ба хүлэг морины салшгүй холбоо, нүүдэлчдийн өв соёлын мөн чанарыг үзэгчдэд хүргэж буй юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр найруулагч, судлаач Б.Баяраас дараах мэдээллийг тодруулав.
-Өмнө нь “Хадны зураг дахь эмэгтэчүүдийн дүрслэл” үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэн түүнээс юугаараа онцлогтой вэ?
-Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дэлхийн адууны өдрийг талархан хүлээн авсан. Учир нь Монгол бол адууны орон. Монголчуудын адуутай холбоотой өв соёл асар баялаг байдгийг хадны зургуудаас тодорхой харж болно. Хадны зурагт эмэгтэйчүүдийн дүр төрх, морь, тэмээ, шашин шүтлэг, тамга тэмдэг, цэрэг дайн, ан ав, мал аж ахуй, газар тариалан зэрэг хүний амьдрал, соёл иргэншлийн олон талыг дүрсэлсэн байдаг.
Би 2001 оноос хойш Монгол орны хадны зургуудыг гэрэл зурагт буулгаж ирсэн. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй зураг цуглуулж байгаад одоо тоогоо алдсан байна. Үүнээс зөвхөн адууны дүрслэлийг ялган сонгох нь тун амаргүй ажил байлаа. Эхэндээ 1500 орчим зураг сонгож үзсэн. Гэвч энэ тоо хэтэрхий олон байсан учраас археологич, доктор Ц.Төрбаттай хамтран ажиллаж, сонголтыг 250 зураг хүртэл цөөлөв. Дараа нь дахин шүүж, тэрэгтэй адууны дүрслэл, дайн байлдааны сэдэвтэй зургийг хассаар эцэст нь 100 гаруй зураг үлдсэн. Үүнээс дахин нарийн сонгож, нийт 50 орчим бүтээлийг үзэсгэлэнд дэлгэсэн.
Энэ үзэсгэлэнгээр дамжуулан Монголчууд үнэхээр адууны гүн өв соёлтой, адуугаа эрхэмлэн дээдэлдэг ард түмэн болохыг харуулахыг зорьсон.
Өмнө нь “Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл” сэдэвт үзэсгэлэн гаргахад харьцангуй амар байсан. Учир нь эмэгтэй хүний дүрслэл хадны зурагт харьцангуй ховор тул сонгоход хүндрэл бага байлаа. Харин адууны дүрслэл маш олон учраас шилдгийг нь ялгах нь илүү төвөгтэй байсан.

-Үзэсгэлэнд багтсан бүтээлүүдээс хамгийн онцлох бүтээл гэвэл?
-Баянхонгор аймгаас олдсон адууны дүрслэл юм. Энэ нь өнөөгийн адуунаас илүүтэй тахьтай төстэй дүрслэл юм шиг санагддаг. Би мэргэжлийн археологич, түүхч хүн биш ч олон зурагтай харьцуулж үзэхэд хамгийн сонирхолтой нь тухайн амьтныг гаршуулсан байдлаар дүрсэлсэн мэт харагддаг. Хэрэв зүгээр л амьтны зураг байсан бол ан амьтныг дүрсэлсэн гэж үзэж болох байлаа. Харин гаршуулсан шинжтэй дүрслэл нь адууны түүхийг өөр өнцгөөс харах боломжийг олгож байна. Өнөөдөр олон улсын эрдэмтэд адууг анх Казахстаны нутагт гаршуулсан гэж үздэг ч энэ мэт олдворуудыг цаашид Монголын эрдэмтэн, судлаачид нарийвчлан судлах шаардлагатай гэж боддог.
-Та өмнө нь “Монголын хадны зургийн шилдгүүд” гэсэн бүтээл хийнэ гэж байсан. Цаашид ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Хадны зурагт тулгуурласан цуврал үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий. Тухайлбал, “Тэнгэрийн тамга” нэртэй үзэсгэлэн гаргах бодолтой байгаа. Гэвч энэ нь бүр ч хүнд ажил болно. Учир нь хадны зураг дахь тамга тэмдгүүд асар олон учраас аль овог аймаг, ямар цаг үед холбогдохыг тогтоох нь судалгааны нарийн ажил шаарддаг.
Мөн “Монголын хадны зураг дахь тэрэгний дүрслэл” гэсэн үзэсгэлэн гаргах санаа бий. Хадны зурагт тэрэгний дүрслэл маш элбэг байдаг ч өнөөдөр бид энэ талаар төдийлөн ярьдаггүй. Гэтэл тэдгээр дүрслэл нь тухайн үеийн өндөр хөгжил, соёл иргэншлийн нотолгоо болдог. Зарим зурагт дөрвөн адуу хөллөсөн тэрэгтэй хүнийг дүрсэлсэн байдаг нь Хүннүгийн үеэс ч өмнөх цаг үед хамаарах байж болох сонирхолтой баримтууд бий.
Түүнчлэн Монголын хадны зургийн шилдэг буюу сонгодог бүтээлүүдийн томоохон цувралыг бүтээхийг зорьж байгаа. Одоогоор Монголын 21 аймгийн хадны зургуудыг цуглуулаад байна. Энэ ажлыг хийхдээ археологич, түүхчидтэй нягт хамтран ажилладаг. Олсон зургуудынхаа он цаг, утга агуулгыг баталгаажуулахын тулд мэргэжлийн судлаачдын санал дүгнэлт зайлшгүй хэрэгтэй.
Зарим тохиолдолд археологичдын бүртгэж амжаагүй хадны зургуудтай ч тааралддаг. Тийм үед судлаачидтайгаа хамтран тухайн олдворын талаар ярилцаж, ямар үед хамаарах, ямар утга агуулгатай болохыг тодруулдаг.
Би өөрийгөө хадны зураг судлаач гэхээсээ илүү цуглуулагч хүн гэж боддог. Марк цуглуулдаг хүн байдаг шиг би хадны зураг цуглуулдаг хүн. Хадны зургуудыг урлаг, дүрслэлийн талаас нь сонирхон судалдаг.
Намайг таньдаг хүмүүс “хадны зураг харахаараа нүд нь гялалзаад, эргэн тойрондоо юу болж байгааг ч анзаарахаа больчихдог” гэж тоглоомоор хэлдэг. Үнэхээр ч тийм. Хадны зураг бол миний хувьд зүгээр нэг зураг биш, харин Монголын олон мянган жилийн түүх, соёл, өв уламжлалыг өгүүлж байдаг үнэт өв юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр археологич, доктор Ц.Төрбат хэлэхдээ, “Монголын археологийн судалгаанд хадны зураг маш чухал байр суурь эзэлдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1500 гаруй хадны зургийн дурсгалт газар бүртгэгдсэн байна. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэртэй харьцуулахад хадны зургийн дурсгалын нягтралаар дэлхийд тэргүүлэх бүс нутгуудын нэгт тооцогддог. Тиймээс хадны зураг нь Монголын түүх, соёлын өвд онцгой байр суурь эзлэх учиртай.
Хадны зургаас бид эртний хүмүүсийн хувцас хэрэглэл, малгай, үс засалт зэрэг ахуйн олон нарийн мэдээллийг харж чаддаг. Мөн тухайн эд зүйлсийг хэрхэн хэрэглэж байсан, ямар хэлбэр дүрстэй байсныг бодитоор төсөөлөх боломж олгодог учраас мэдээллийн асар өндөр үнэ цэнтэй эх сурвалж болдог.
Түүхэн үе бүр өөрийн гэсэн өвөрмөц дүрслэлийн хэв маяг, урлагийн хэллэгийг бүтээдэг. Жишээлбэл, энд үзүүлж буй адууны дүрслэл нь төмөр зэвсгийн түрүү үед, ойролцоогоор 2500–2200 жилийн өмнө бүтээгдсэн нь тодорхой байдаг. Учир нь яг ийм хэв маягаар дүрслэгдсэн амьтдын дүрс бүхий хүрэл, төмөр, алтан эдлэлүүд тухайн үеийн булшнаас олддог. Иймээс археологичид эдгээр олдвортой харьцуулан уг хадны зургийн он цагийг тогтоодог нь баталгаатай арга юм” хэмээв.
Монголын эртний хадны зурагт морийг хэрхэн дүрсэлснийг сонирхуулсан энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.









