“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгыг эхлүүллээ

Улаанбаатар хотноо наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн эсрэг улс орнуудтай хамтран тэмцэх, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгыг эхлүүллээ. 

Санаачилгын хүрээнд 13 хүнээс бүрдсэн экспедиц төв Азийн Монгол Улс, БНХАУ, Киргиз, Туркменстан, Узбекистан, Казахстаны томоохон цөлөөр 17 мянган км замыг 74 хоногт туулах юм. Ингэхдээ Төв Азийн том цөлүүдийн одоогийн нөхцөл байдал, цөл хэрхэн хүрээгээ тэлж буй болон зарим ард түмэн цөлийг ногоон бүс, энергийн эх үүсвэр, боломж болгон ашиглаж байгаа зэрэг сайн туршлагыг судална. Зарим газар 1000 км урт, 500 м өргөн үргэлжлэх, хөрсөн дээрээ 70 хэм хүрч халдаг цөлийг ч туулах ажээ.

“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгыг эхлүүллээ

Санаачилга нь Монголын говь, Төв Азийн цөл, Казахстаны тал хээр, Памирын өндөрлөг, Каракум, Кызылкум зэрэг Евроазийн хуурай бүс нутгийг холбосон хамтын ажиллагааны гүүр болно гэж төслийн баг үзэж байна. 

Очсон газар бүрд нь дээрх орнуудын залуус цөлжилтийн эсрэг Монгол Улсын санаачилгыг дэмжин нэгдэж, тухайн бүс нутгийн цөл судлалын хүрээлэн, байгаль хамгаалагч, идэвтхнүүд хамтран үйл ажиллагаа өрнүүлэхээр төлөвлөжээ. Мөн тэдгээр газар орны тухай мэдээ мэдээлэл, видео контент, баримтат кино хийхээс гадна гэрэл зургийн үзэсгэлэнг СОР17 хурлын үеэр гаргах юм.

Монгол Улс нь Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцид 1994 онд нэгдэн, нутаг дэвсгэртээ 2000 оноос цөлжилтийн үнэлгээ хийж эхэлжээ. ШУА, БОЯ хамтран Цөлжилтийн судалгааны төв байгуулж, улсын хэмжээнд зургаан жилийн турш цөлжилтийн динамик хандлагыг судалж, дэлхийн жишгийн дагуу үнэлгээ гаргасан байдаг. Үүнээс хойш 4 удаа үнэлгээ хийж, 12 жилийн үр дүнгээр монгол орны цөлжилтийн атлас хэвлүүлсэн. Судалгааны дүнд нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжсөн буюу сул, дунд, хүчтэй, нэн хүчтэй өртсөн гэж ангилснаар манай улсад цөлжилт нэлээн аюул учруулах дүгнэлт гаргажээ. Учир нь монгол орон газар зүйн байрлалын хувьд Дундад тэнгисээс 5000, Хойд мөсөн далайгаас 3800, Номхон далайгаас 1600 км зайд, хуурай, өндөрлөгт буюу далайн төвшнөөс дээш 1500 метрт оршдог нь хуурайших хандлагыг ихэсгэдэг байна.

Экспедицийн ахлагч Б.Номинчимэд “Цөлжилт нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан анхаарах зайлшгүй шаардлагатай асуудал болсон. Жишээлбэл, 30 гаруй жилийн өмнө нэг кв/м бэлчээрт 20-24 төрлийн ургамал ургаж байсан бол одоо 4-5 болж цөөрсөн. Манай экспедиц цөлийн энэ нөхцөл байдлыг үзэгч уншигчдад хүргэж таниулах, СОР17 хурлын үеэр мэдээлэх зорилготой. Цөлжилттэй тэмцэх нь байгаль хамгаалахаас эхэлнэ. Үүнд хувь хүний ухамсарт үйлдэл маш чухал тул жижиг гэлтгүй өөрсдөөсөө эхлүүлж, байгалиа хамгаалах хэрэгтэй” хэмээв.  


“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгыг эхлүүллээ

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, доктор А.Хауланбэк ярихдаа, “Бид залууст цөлжилт гэж юу вэ, цөлжилттэй хэрхэн тэмцэх, цөлийг ашиглаж буй сайн туршлагыг СОР17 хурлын үеэр танилцуулна. Энэ чиглэлийн сайн туршлагыг монголд хэрэгжүүлж болох эсэх, энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа. Төв Азийн цөл тухайлбал, БНХАУ-ын цөлд байдаг мөнх цаст Тэнгэр уулын доор асар их хэмжээний мөсний усаар цахилгаан эрчим хүч гаргаж, усыг нь цөл рүү татаж газар тариаланд ашигладаг гэх мэт. Тэгш өндөрлөгт оршдог, уур амьсгалын хуурайшилт их Монгол оронд Хойд мөсөн далайн усны хагалбар байдгийн хувьд учыг нь татах байгальд ээлтэй технологийн шийдэл гаргах боломжтой. Манай оронд ордог хур тунадасны хэмжээ хуучин хэвээр байгаа ч хуваарилалт нь өөрчлөгдсөн. Нэг дор их хэмжээгээр орж үер болно. Энэ нь хуурайшилт их газрын хөрсийг нөхөн сэргэх боломж бүрдүүлдэггүй. Заримдаа маш халдаг. Халуун өдөр болон салхи шуурганы тоо ч нэмэгдсэн. Сүүлийн 10 жилд гэхэд түйрэнгийн давтамж 11 дахин нэмэгдсэн байдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд хур тунадас, агаарын температурын өөрчлөлт 50, хүний нөлөө 50 хувь нөлөөлж байна” гэлээ.

“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгыг эхлүүллээ

“Цөлийн дуу хоолой” санаачилгыг эхлүүлж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн уламжилсан юм. Тэрбээр, “Бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн удирдлага, байгальд суурилсан шийдэл, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, орон нутгийн иргэдийн оролцоог нэгтгэсэн цогц хандлага нь цөлжилттэй тэмцэх бодлогын үндсэн чиглэл байх ёстой. Хамтын хариуцлага, ногоон итгэлцэл, бодит шийдэл бүхий “Цөлийн дуу хоолой” нь дээрх бодлогыг шинжлэх ухаан, соёл, спорт, залуусаар дамжуулан олон нийт, COP17-ын түншүүдэд таниулах чухал тавцан болох юм. Мөн “Тэрбум мод” хөдөлгөөн, ногоон хөгжлийн бодлого, газрын доройтлыг багасгах зорилт, байгальд суурилсан шийдлийг нийтэд ойлгомжтой, олон улсад хүртээмжтэй хүргэнэ” гэлээ. Санаачилгад төр, засаг, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага, залуус нэгдэж, хамтран ажиллахыг Ерөнхийлөгч уриалжээ.

“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгыг эхлүүллээ

Монгол орны говь нь тэгш өндөрлөгт сөөг ургамалтай газрыг хэлдэг. Тухайлбал, Завхан, Увс аймгийн зааг монгол элс, Баянхонгор аймгийн урд, Говь-Алтай аймгийн хойд хэсэг нь говь буюу шинжлэх ухааны нэршлээрээ цөлөрхөг хээр юм. Харин цөл нь Өмнөговь аймгаас урагш, Монгол Алтайгаас урагш бүс нутгийг хамардаг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн